
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2025 оны тавдугаар сарын 14-нй өдрийн хуралдаанаар Засгийн газар 2025 оны дөрөвдүгээр 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хуралдаанд танилцууллаа.
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэгт “Засгийн газар Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслийг жил бүрийн 5 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. Улсын Их Хурал 6 дугаар сарын 01-ний дотор батална” гэж тус тус заасны дагуу төслийг боловсруулсан гэв. Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн тус төслийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй уялдуулан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудын шаардлагад нийцүүлэн болохыг тодотгосон. Мөн “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хяналт-шинжилгээ, үнэлгээний үзүүлэлт”-үүдийг Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтын шалгуур үзүүлэлттэй уялдуулжээ.
Дунд хугацаанд макро эдийн засаг харьцангуй тогтвортой байх боломж өндөр байгаа хэдий ч дэлхий дахинд үүсээд байгаа тодорхой бус байдлын нөлөөгөөр нүүрс, зэс зэрэг манай улсын экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэлтэй байгаа гэлээ. 2024 онд “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах үед уул уурхайн гол бараа, бүтээгдэхүүний үнэ унах эрсдэлийг тооцсон бөгөөд сөрөг нөлөөллийг харьцангуй бага байлгах хүрээнд хил, гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх, цаашилбал экспортыг төрөлжүүлэх тодорхой ажлуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгааг дурдсан.
Засгийн газар түүхий эдийн үнийн эрсдэлээс гадна ган, зуд зэрэг байгаль, цаг уурын эрсдэл, нийлүүлэлтийн гаралтай инфляцын шок үүсэх эрсдэл, эрчим хүчний хязгаарлагдмал байдал, хилийн боомтууд дээр тээвэр логистикийн саатал бий болох зэрэг эрсдэлийн боломжит нөлөөллийн талаар тооцон эрсдэл тохиолдох үеийн сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг бодлогын баримт бичгүүдэд тусган хэрэгжүүлж байгааг Шадар сайд танилцуулсан.
2025 онд гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байгааг тэмдэглээд нүүрсний үнэ энэ оны I улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байгааг танилцуулсан. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байгаа аж. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэйг онцоллоо. Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар том төслүүдийг оновчтой, үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах боломжтой хэмээн Засгийн газар үзэж буйг тэмдэглэв.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэх аж.
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж төсвийн зардлын реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэж байгааг Шадар сайд танилцууллаа.
2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлэх юм байна.
Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 15 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой хэмээн тооцсон байна.
Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ.
Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд тусгасан төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д хүргэнэ хэмээн тооцсон байна.
Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Энэ чиглэлээр төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажиллах хүчний оролцооны түвшин 63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбэ 52-т хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурах боломжтой хэмээн Шадар сайд танилцууллаа.
Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоохоор төлөвлөсөн ба үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.0 хувь, инфляц 7.0 хувьтай, хүлээн авах жуулчдын тоог 1.6 сая болно хэмээн тооцоолжээ.
Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Энэ бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д хүрэх боломжтой хэмээн тооцжээ.
Бодлогын тэргүүлэх дөрвөн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8.090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна хэмээн төсөл санаачлагч тооцсоныг Шадар сайд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн талаарх Шадар сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, Л.Соронзонболд, Э.Батшугар, Ж.Ганбаатар, П.Сайнзориг, Р.Батболд, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал, Б.Жаргалан нар асуулт асууж, Шадар сайд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Тухайлбал, боловсролын салбарт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилт, арга хэмжээний талаар гишүүд тодруулж байв. Төслөөр боловсролын салбарт 1.3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 39 төсөл, хөтөлбөр хэрэгжих юм байна. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, боловсролын чанар, хүртээмж дээшлүүлж, хөрөнгө оруулалтыг өсгөж, 108 сургууль, 95 цэцэрлэгээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн гэв.
Үүний 32 нь тухайн ондоо ашиглалтад орохоор төлөвлөөд байгаа гэдэг хариултыг Шадар сайд өгсөн. Дотоодын болон олон улсын их дээд сургуулиудын хооронд кредит шилжүүлгийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоод, гадаадад докторын түвшинд суралцаж байгаа оюутнуудад зориулсан тэтгэлгийн тогтолцоо бий болгож, дэлхийн шилдэг багш, профессоруудыг Монголд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, сургалтын чанар, багшийн ур чадвар, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт зэрэг үзүүлэлттэй уялдуулан үнэлгээний системийг сайжруулах зэрэг арга хэмжээг төсөлд тусгасан гэв. Төрийн албан хаагчдыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээний талаар асуултад ажлын хэсгээс хариулт өгөхдөө төрийн албанд цогц шинжилгээ, дахин инженерчлэл хийх бөгөөд ирэх оны эдийн засгийн эрсдэлт нөхцөлд нийцүүлэн төрийн урсгал зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэн, үүний хэмнэлтийг шинэ бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бодлого баримталж байгаа гэв. Төрийн албан хаагчдын тоог бууруулах зорилт, арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны албанаас 10 хувь, төрийн тусгай албанаас 25 хувь, төрийн үйлчилгээний алба болон улс төрийн албанаас тус бүр 9 хувиар бууруулах урьдчилсан тооцооллыг хийсэн гэлээ.
Хүртээмжтэй өсөлтийг бий болгох арга хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаарх гишүүдийн асуултад ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн. Эдийн засгийн өсөлтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гарц нь ажил эрхлэлтийг дэмжих бөгөөд хөдөлмөрийн бүтээмжийг 61-65 хувь нэмэгдүүлэх зорилтыг тусгасан, Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ чухал гэв. Мөн “Миний түрээсийн орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлж, “Миний сонголт орон нутаг”, “Миний амины орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 150,000 айлын орон сууцыг нийслэл болон хөдөө орон нутагт хүртээмжтэйгээр байгуулахаар тусгасан бөгөөд эдгээрийг Монголын аж ахуйн нэгжүүд, монгол хүнээр гүйцэтгүүлснээр хөдөлмөрийн бүтээмж, цалин хөлс нэмэгдэнэ гэж үзсэн байна.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, өрхийн жижиг, бичил бизнесийг дэмжих, хүүхдийн хөгжил, оролцоог дэмжих, төсвийн урсгал зардлыг бууруулах чиглэлээрх бодлогын арга хэмжээний талаар бол Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын талаар асууж, ажлын хэсгээс хариулт авсан. жилийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт, тайлбар авсан. Дараа нь хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ЭЗБХ: Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.