
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.16) Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан нар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Судалгаагаар “...төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын санал тэмдэглэл...” байна гэж заасныг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй учраас төслүүд гацдаг. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хуулиар хатуу тогтоосноор тухайн төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан үзэх боломжгүй болсон. Үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, газрын хэвлийн баялгийн ашиглалтын нөхцөл байдал, байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, нөхөн сэргээлтийн талаарх мэдээллийг иргэд хүлээн авах, танилцах боломжгүй талаар хууль санаачлагч танилцууллаа. Түүнчлэн, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээгээр гарсан нөхцөл байдлыг хянан үзээд шаардлага нь тодорхойгүй, бичиг баримтын бүрдлийн ангилал ойлгомжгүй, давхцсан шинжтэй зэрэг асуудлаас үүдэн нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн байна.
Уг хуулийн төсөл батлагдсанаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилт сайжирч, цаг хугацаа алдах, бичиг баримтын бүрдэл хангах, хүлээх, төрийн байгууллага хооронд явах, олон нийтийн оролцооноос болж төслийн хэрэгжилт гацах зэрэг асуудлыг шийдэх эрх зүйн орчин бүрдэнэ гэлээ. Мөн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгаль орчны үнэлгээтэй холбоотой төрийн үйлчилгээг шуурхай чирэгдэлгүй хүргэх, цахим хэлбэрээр ажиллах зэрэг эерэг нөлөө үзүүлэх талаар дурдав.
Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний шинэчилсэн ангиллаар нийт төслийн 36 хувь нь ангилал буурч, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт хийлгэх, шалгах хуудсаар бүртгүүлэх боломжтой болж, аймаг, нийслэлийн түвшинд хийгдэж байгаа нөхцөл, болзолтой хийсэн байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтийн 30 хувьд нь үнэлгээ шаардахгүй болох талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв | ||
Үзсэн: 168 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.