
Сонгуулийн ерөнхий хороо Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2024 онд хэрэгжүүлсэн байдлаар Улсын Их Хурлын дэргэдэх байгууллагуудын үнэлгээний эрэмбээр тэргүүлжээ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газар Хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг нэгтгэн хэрэгжүүлэгч байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж, үр дүнг үнэлж, санал, дүгнэлтээ Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахаар заасан. Энэ дагуу хөтөлбөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2024 оны хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, нэгдсэн дүнг гаргасан байна.
Нам, эвсэл, нэр дэвшигчдийн санхүүгийн тайланг нээлттэй, ил тод мэдээлэх, сонгуульд зарцуулах зардлыг бууруулах, зардлын тайлангаа гаргаж өгөөгүй нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдүүлэх, хэрэгжүүлэх, энэ талаар олон нийтийг мэдээллээр хангах зэрэг зорилтын хэрэгжилтийг бүрэн хангасан гэж үзжээ. Түүнчлэн иргэдийн оролцоо, хяналт, хариуцлагыг сайжруулах, олон нийтэд нээлттэй, ил тод байхаар заасан мэдээллийг тухай бүр цахим системд байршуулах, сонгогчдын боловсрол, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг зорилтын хэрэгжилтийг хангалттай гэж дүгнэсэн байна. Гадаад улсад байгаа сонгогчдын сонгох эрхийг хангах болон залуучууд, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээрх хөтөлбөрт тусгасан төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангасан гэж үнэлсэн аж. Тодруулбал, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан 6 зорилгын хүрээнд 20 зорилтын хэрэгжилтийг 92 хувиар хангасан гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр 2030 он хүртэл хэрэгжинэ.
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээр Сонгуулийн ерөнхий хороо тэргүүллээ | ||
Үзсэн: 114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.