Шууд Chart

Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно

2025-05-21 14:28:56

 -Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг-

Эрхэм зочид оо,

Өнөөдөр бид Монгол Улсын ардчилал, тэгш эрх, оролцоонд суурилсан нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн чухал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд эмэгтэйчүүд оролцож байгаа боловч эмэгтэйчүүдийн эрхийн тухай, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын тухай төдийгүй нийт иргэд, нийгмийн тулгамдсан асуудал, улс орны тогтвортой хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд төр засгийн дээд болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллын дэмжих бодлого, үйлдлийн шинэ хандлагыг эхлүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой байна.

Шинэ зуунд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо нэн чухал, дэлхий нийтийн хандлага болсон байна. Энэ чиг хандлагыг харгалзан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан зоримог алхмыг бид өнгөрсөн жил хийсэн. Үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 38,7 хувь буюу 520 нь эмэгтэйчүүд байсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй, 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь мөн дээд амжилт бөгөөд Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Энэ нь улс төрийн ухаалаг зөвшилцөл, зөв үйлийн төлөөх зоримог шийдлүүдийн эерэг дүн байсан. Өнөөдрийн энэ чуулган манай парламентын эмэгтэй гишүүдийн манлайлал, санаачилга, идэвхтэй оролцооны хүчээр болж буй бөгөөд олсон амжилтаа бататгаж, орон нутагт шинэ давлагаа, шинэ хөдөлгөөн эхлүүлэх алхам хийж байгаад талархалтай байна.

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харахад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 17,9 хувь, сум, дүүргийн ИТХ-ын 28,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнийг парламентын үзүүлэлттэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшин доогуур байгаа ч сум, дүүргийн түвшинд 3 хувиар дээгүүр байна. Хэдийгээр орон нутгийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдэх хандлагатай байгаа боловч тэднээс удирдах түвшинд сонгогдсон нь тун цөөн байна. Тухайлбал 21 аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга нарын 3 нь, 9 дүүргийн ИТХ-ын даргын нэг нь, 330 сумын ИТХ-ын даргын 41 нь эмэгтэй төлөөлөгч байгаа нь Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотоос 1-2 дахин доогуур үзүүлэлт байна. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцоо гэдэгт иргэдийн Хурлын төлөөлөгчөөс гадна засаг захиргааны бүх шатны удирдлагад томилогддог улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга, орлогч дарга нар мөн хамаардаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайлангаас үзэхэд энэ оны байдлаар засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг даргын 23 хувь, хорооны Засаг дарга нарын 47 хувь, сумын Засаг даргын 13 хувь, дүүргийн Засаг дарга нарын 11 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин аймаг, нийслэлийн түвшинд нэг ч эмэгтэй Засаг дарга томилогдоогүй байгаа нь өмнөх үеэсээ ч ухарсан үзүүлэлт болж байна. Дээрх тоон мэдээнээс үзэхэд Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотыг ганцхан нийслэлийн хорооны Засаг даргын томилгооны түвшинд хангасан байх бөгөөд орон нутгийн бусад бүх шатны Засаг дарга, орлогч даргын албан тушаалд томилогдсон эмэгтэй улстөрчдийн үзүүлэлт квотоос доогуур байна. Энэ бол хууль хэрэгждэггүйн нэг тод жишээ мөн. Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улстөрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой. Тэгээд бид цаашаа явах болно.

УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот 2024 онд 30 хувь байсан. Тэгвэл хуульд заасны дагуу 2028 оны сонгуулиар 40 хувь болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг ч эргэж харах цаг нь болсон гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь зөвхөн тоон үзүүлэлтээр төдийгүй чанарын үзүүлэлтээр бас тодорхойлогддог. Тэд нийгмийн эмзэг бүлгийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах, орон нутгийн хөгжлийг илүү хүртээмжтэй тэгш болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хамтын зорилт байх болно. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын бодлого илүү хүртээмжтэй, тэгш, хүний эрхэд суурилсан болдог нь олон улсын болон үндэсний судалгаагаар нотлогдож байна. Энэ чуулганд парламентад суудалтай бүх нам, эвслийн удирдлага оролцож, бодлого байр сууриа танилцуулж байгаа нь асуудалд ач холбогдол өгч буйн илэрхийлэл төдийгүй Та бүхэнд үзүүлж байгаа хүндэтгэл юм. Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Нийгмийн оролцоог дэмжих сан”-гийн тэргүүн, эрхэмсэг хатагтай Абэ Акиэ нар Та бүхэнтэй мэндчилж, туршлага сургамжаасаа хуваалцах болсонд талархаж, хүндэт зочдод Та бүхний өмнөөс болон хувиасаа талархал дэвшүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан. Энэ хүрээнд орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг бодитойгоор нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш эрхийн асуудал биш, харин ард нийтийн амьдралын чанар, шийдвэр гаргалтын хүртээмж, олон түмний итгэлийг нэмэгдүүлэх үндэс суурь нь болно. Иргэдийнхээ итгэл дэмжлэгээр орон нутгийнхаа шийдвэр гаргах түвшинд сонгогдож, томилогдсон улстөрч эмэгтэйчүүд Та бүхэн улс төрийн намын харьяалал, үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгаанаас давж, нийтийн тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, эмэгтэй удирдагч, улстөрчдийн ёс зүй, ажил хэрэгч манлайлал үзүүлэн иргэдэд ээлтэй шийдвэр гаргахад оролцоогоо нэмэгдүүлэн тэдний дуу хоолой болж ажиллах нь хувь иргэний үүрэг төдийгүй Монголын нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс хүлээсэн нийгмийн хариуцлагатай үүрэг юм. Иймд бид эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоо, манлайллыг өргөжүүлэхийн тулд нэгдүгээрт, квот, сургалт, сүлжээг бодлогын түвшинд дэмжих болно. Хоёрдугаарт,  орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, байгууллагууд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжиж ажиллах, гуравдугаарт, тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй залуу охид, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зэрэг өргөн хүрээнд олон чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай.

Үүний тулд УИХ-ын даргын хувьд гишүүдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр нийгмийн олон бүлгийн эмэгтэйчүүдэд хамааралтай, тухайлбал залууст хандсан “Нээлттэй парламент”, ахмад үеэс туршлага суралцах “Эксперт” хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжсэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн өнөөдрийн энэхүү “Бид эмэгтэйчүүд” чуулганаас гарах шийдвэр, Та бүхний санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах болно. Энэ ташрамд, өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтарч Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. НҮБ-ын зүгээс анх удаагаа үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа улс төрийн намуудтай хамтарсан Санамж бичгийг байгуулж, олон улсын байгууллагуудыг оролцуулж, бодит хувь боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх алхмыг хийсэн байдаг. Энэ ажлын үр дүн өнөөдөр Та бүхэнтэй уулзаж буйн нэг том эхлэл суурь байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдөр энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Олон улсын байгууллагын төлөөлөгч нарт талархал дэвшүүлж байна. Бидэнд хуулиар эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгөхөөс гадна Монгол Улсынхаа нийгэм, ёс заншил, уламжлал зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог бодитой дэмждэг байх үзэл хандлагыг суулгахад илүү төвлөрч ажиллах шаардлага байгаа нь харагддаг. Ялангуяа, орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно. Та бид хамтдаа томоохон өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд сонгогдож ажиллаж байгаа орчин болгон илүү үр дүнтэй, ажил хэрэгч, илүү өргөн цар хүрээгээр харсан шийдвэр гаргаж чаддаг байх болно гэдэгт огт эргэлздэггүй.

Өнөөдрийн “Бид эмэгтэйчүүд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.


Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно  
Үзсэн: 228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй