Шууд Chart

ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжлээ

2025-06-10 15:30:53

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.10/ хуралдаанаар https://www.parliament.mn/nn/74992/ үргэлжлүүлэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд таван хүн нэр дэвшүүлэх хүсэлт, холбогдох материалаа ирүүлснээс гурав нь шаардлага хангасныг дурдаад нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Нэр дэвшигч Өвгөнхүүгийн Гэрэлт-Од. 1970 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр бакалавр, тус сургуулийн Эдийн засгийн сургуулийг бизнесийн удирдлагын магистр, МУИС-д бизнесийн удирдлагын докторын зэрэг тус тус хамгаалсан. 1993-1996 онд “Ардын" банканд нягтлан бодогч, салбарын захирал,1996-2000 онд "Хадгаламж" банканд төвийн захирал, 2009 оноос МУИС-ийн эдийн засгийн сургуульд багш, дэд профессор, 2009-2013, 2019, 2024 онуудад МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Бизнес консалтинг” төвийн захирал, 2024 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн танхимын эрхлэгч, 2017 оноос “Нийслэл аудит” ХХК-д шинжээч, 2023 оноос “Багануур ХХК”-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байна.

Нэр дэвшигч Нинжийн Дөл-Эрдэнэ 1978 онд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг санхүүч, мэдээлэл зүйч, эдийн засаг мэргэжлээр бакалавр, Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистр, Тайвань улсын Хятадын Соёлын их сургуулийн олон улсын бизнесийн удирдлагын докторын хөтөлбөр, Санхүү, эдийн засгийн их сургуулийг бизнесийн удирдлагын докторант, 1999-2001 онд МУИС-ийн лицей сургуульд Мэдээлэл зүйн багш, 2001-2002 онд “Тээвэр хөгжлийн банканд" зээлийн эдийн засагч, 2002-2011 онд “Чингис хаан” банканд газрын захирал, ахлах эдийн засагч, 2011-2012 онд "Эм эм Си Эс Холдинг” ХХК-д хөрөнгө зохицуулалтын менежер,  2014-2023 онд “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д Захиргаа санхүүгийн газрын дарга, 2023-2024 оны 9 сар хүртэл “Сайн интернэйшнл” ХХК-д лизинг хариуцсан дэд захирал, 2023 оноос “Томьёо нэгдэл” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Нэр дэвшигч Лхагвасүрэнгийн Энхбаяр 1987 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Гадаад хэлний мэдлэгтэй. АНУ-ын Юта мужийн их сургуулийн улс төр судлал, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийг олон улсын эрх зүйн магистр, Үндэсний тагнуулын академид Аюулгүй байдлын магистрын зэрэг хамгаалсан. 2009-2012 онд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны консулын туслах, 2012-2013 онд Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамны консулын туслах, 2013-2017 онд Терроризмтой тэмцэх зөвлөлийн ажилтан, 2018-2019-онд ТЕГ-ын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга, 2019-2020 онд Терроризмтой тэмцэх зөвлөлийн нарийн бичгийн дарга, 2020-2022 онд ТЕГ-ын Мөнгө угаах терроризмын санхүүжилттэй тэмцэх хэлтсийн дарга, 2022-2023 онд ТЕГ-ын орон нутаг дахь газрын дарга, 2023 оноос НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссын газрын Монгол дахь төлөөлөл ахлах мэргэжилтнээр ажиллаж байна.

Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нэр дэвшигчдийг цагаан толгойн үсгийн дарааллаар санал хураалт явуулах бөгөөд нэр дэвшигч олонхын санал авсан нөхцөлд дараагийн санал хураалтыг явуулахгүй дэгтэй гэдгийг гишүүдэд мэдэгдлээ.

Иймд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, 11 гишүүн буюу 57.9 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.  


ТБХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Ө.Гэрэлт-Одыг дэмжлээ  
Үзсэн: 295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй