
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын гишүүн тус улсын парламент дахь Хорват-Монголын бүлгийн дарга Предраг Штромар тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа Хорватын төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа нийтлэг үнэт зүйлстэйг онцлов.
Монгол Улс Хорват Улсыг Европ дахь чухал түншийн нэг хэмээн үздэг бөгөөд харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг юм гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол, Хорват Улс 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг үнэт зүйлсэд тулгуурлан хамтран ажиллаж ирсэн бөгөөд газарзүйн хувьд хол ч нийтлэг үнэт зүйлсийн нэгдэл нь харилцааг ойртуулж буйг тэрбээр дурдав.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн үр дүнд 126 гишүүний бүрэлдэхүүнтэй парламент байгуулагдаж, эмэгтэй гишүүдийн тоо 32 болж, парламентын нийт бүрэлдэхүүний 25 хувийг эзэлж байна. Энэ нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөр Ази тивдээ тэргүүлэгч орны нэг болсон хэмээн онцлов.
Хорватын парламентын гишүүн Предраг Штромар, Монголын ардчиллыг өндрөөр үнэлдэгээ илэрхийлээд, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, цахим технологийн салбарт хамтран ажиллах оюутан, судлаач солилцох тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, соёл урлагийн төв байгуулах асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн уулзалтын үеэр Монгол Улсад байрлах “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын судалгааны төв”-ийг Хорватын санаачилсан “3 тэнгисийн санаачилга”-тай холбох замаар Зүүн Европ руу гарц нээх стратегийн боломж бүрдүүлэх асуудлаар санал солилцсон юм.
Талууд хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхийн зэрэгцээ парламентын бүлгүүдийн шугамаар туршлага солилцох, хамтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийн талаар харилцан ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Хорватын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.