Шууд Chart

"Сонгууль ажиглах Азийн жишиг төв" байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2025-06-12 15:34:51

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулахад хамтран ажиллах юм.

Санамж бичигт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд ёслолын ажиллагаа Швед Улсын нийслэл Стокхолм хот дахь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төв байранд зохион байгуулагдав.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лина Рикила Таман болон албаны төлөөлөгчид оролцлоо.

“Сонгууль ажиглах Азийн жишиг төв” нь ардчилсан, шударга сонгуулийг ажиглах зарчим, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, ажиглалтын арга зүйг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон ажиглагчдыг чадавхжуулах, сонгууль ажиглалтын тайлан, зөвлөмжийн чанарыг сайжруулах зорилготой бүс нутгийн төв болон ажиллах юм гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.


"Сонгууль ажиглах Азийн жишиг төв" байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа  
Үзсэн: 312 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй