
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.18) хуралдаан гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 13 цаг 41 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч П.Сайнзориг хуралдаанд танилцуулсан юм.
Засгийн газраас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурал 2025 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2025 оны 5 дугаар тогтоолоор холбогдох ажлын хэсгийг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг ажлын хэсгийг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Э.Бат-Амгалан, Х.Баасанжаргал, М.Нарантуяа-Нара, У.Отгонбаяр, Ц.Сандаг-Очир, Х.Тэмүүжин, Дав.Цогтбаатар нар ажиллаж байгаа аж.
Ажлын хэсгээс хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж хуулийн төсөлд туссан зарим асуудлыг шинжлэх ухааны болон онол, практикийн түвшинд нарийвчлан судалж, холбогдох харьцуулсан судалгаа, лавлагаа, мэдээлэл, төсөлд ирүүлсэн саналуудтай нэгбүрчлэн танилцсан гэлээ. Ажлын хэсэг 3 удаа хуралдаж, хуулийн төсөлд тусгасан асуудал бүрийг хэлэлцэн, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний үндсэн эрхийг хангах зорилгоор зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг боловсруулсан байна.
Мөрдөгч нь хэргийн оролцогчийн хүсэлтээр төрийн байгууллага, албан тушаалтны албаны цахим шуудан, албан бичиг, солилцооны дундын систем, төрийн үйлчилгээний нэгдсэн системд иргэний үүсгэсэн, бүртгүүлсэн цахим шуудан, хаяг, харилцаа холбооны утасны дугаарыг ашиглан дуудаж прокурорын мэдэгдэх хуудсыг хүргүүлж болох зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзжээ. Мөрдөн шалгах ажиллагааны болон прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэлд нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэдгээрийн хэн, хэзээ, ямар эх сурвалжаас хэрхэн олж авсан талаар мөн түүний онцлог шинж, хэлбэр дүрс, тоо хэмжээ, хадгалсан, шилжүүлсэн, хүлээн авсан шилжилт хөдөлгөөний талаар тус тус тусгахаар холбогдох саналын томьёоллыг бэлтгэсэн болохыг П.Сайнзориг гишүүн танилцуулав. Цахим баримтыг бэхжүүлэхдээ цуглуулах, хадгалах, зөөвөрлөх явцад мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилласан талаар, хэрэглэсэн техник хэрэгслийн талаар тэмдэглэл хөтөлж, гэрэл зураг, дуу, дүрсний бичлэгээр давхар баталгаажуулах зохицуулалтыг тодруулан тусгах нь зүйтэй гэж ажлын хэсэг үзсэн байна.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд цахим төхөөрөмжөөс өөрчлөгдсөн, устгасан мэдээллийг сэргээсэн тохиолдолд нотлох баримтад тооцож болох зохицуулалтыг тусгах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах зохицуулалтын талаар тусгасан гэдгийг ажлын хэсгийн танилцуулгад тодотгоод “Уг зохицуулалттай холбоотойгоор мөрдөгч гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үнэлж, хуульд заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэргийн материалыг прокурор 14 хоногийн дотор хянах, зайлшгүй тохиолдолд дээд шатын прокурор энэ хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалтыг тодруулан тусгалаа” хэмээв. Түүнчлэн шүүгдэгч шүүх хуралдаанд орох зохицуулалтын талаар тодорхой асуудлуудыг ажлын хэсгийн зүгээс хөндөж, дараах саналуудыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг П.Сайнзориг гишүүн хуралдаанд танилцууллаа. Шүүгдэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг, шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах хүрээнд тодорхой шалтгааны улмаас шүүгдэгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулж, түүний гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр тусгасан байсан зохицуулалтыг төслөөс хасах нь зүйтэй хэмээн үзжээ. Шүүхийн шийдвэр гардуулан өгөх зохицуулалтын талаар бас тодорхой саналыг тусгасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүхийн шийдвэрийг прокурор, оролцогчид бүрэн танилцуулж, төрийн нууцад хамаарах хэсгийг нууцлан гардуулж өгөх зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Түүнчлэн тухайн хууль дах яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ өмгөөлөгч нь хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд гаргаж өгдөг байх зохицуулалтыг тусгахаар холбогдох саналын томьёоллыг боловсруулжээ. Мөн мөрдөгч, оролцогчийг хэргийн материалтай танилцах боломж, нөхцөлөөр хангах; оролцогчид ажлын 3-аас доошгүй өдрийн хугацаанд хэргийн материалтай танилцах боломжийг олгох; хавтаст хэргийн материал танилцуулах үндсэн хугацаа 14 хүртэл хоног байхаар; хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан тус хугацааг мөрдөгч 14 хүртэл хоногоор сунгаж болох зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч, адил тэгш эрх, үүрэгтэй байх боломжийг хангах хүрээнд өмгөөлөгч хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тодорхой мэдээлэл, баримтыг хэрэгт хавсаргаж болох зохицуулалтыг тодруулсан байна. Түүнчлэн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд орох зохицуулалтыг сайжруулахаар ажлын хэсгээс анхаарч, хүний шударгаар шүүлгэх эрхийг хангах, хууль зүйн туслалцаа авах эрхийг эдлүүлэх үүднээс шүүгдэгчийг хэд хэдэн өмгөөлөгч өмгөөлж байгаа бол шүүх хуралдаан тодорхой асуудлаар мэтгэлцэх нэг өмгөөлөгч бусдыгаа төлөөлж болох зохицуулалтыг хасах нь зүйтэй хэмээн үзсэн гэв. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй байх зохицуулалтыг тодруулж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг бүрдүүлэх тодорхой саналыг танилцуулав. Эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж, тайлбар мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан тайлбар мэдүүлэг бусад нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд тайлбар мэдүүлэг өгсөн хэрэгт нь тухайн хүнийг яллах талын нотлох эх сурвалж болохгүй байхаар тодруулсан зохицуулалтыг төсөлд тусгах нь зүйтэй хэмээн үзэж, томьёолжээ.
Хавтаст хэргийг цахимжуулах, цахим суурьтай нотлох баримтыг шүүх хуралдаан шинжлэн судлах, цахим суурьтай нотлох баримтыг үнэлэх журмын зохицуулалтыг төслөөс хасах саналыг оруулж байгаагаа танилцуулаад холбогдох үндэслэлийг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэн ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Байнгын хорооны хуралдаан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
ХЗБХ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв | ||
Үзсэн: 217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.