Шууд Chart

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

2025-06-20 17:29:45

Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.20) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-т “Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд бичгээр хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг нэгдсэн хуралдаанд оруулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ” гэсний дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлснийг танилцуулав. Ингээд дээрх хууль тогтоолын төслүүдийг яаралтай хэлэлцэхийг дэмжих, эсэхээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.  

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газраас дэвшүүлсэн нэг улс, нэгдсэн стандарт, шинэ хөгжил, шинэ боломж зорилтын гол цөм нь дотоодын үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжих, экспортын өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдал, чанартай хэрэглээг хангах явдал юм. Үүний тулд бид бодлогын суурь тогтолцоог шинэ түвшинд гаргаж өөрчлөлт, шинэчлэлтийг энэ салбарт зайлшгүй хийх нөхцөлтэй нүүр тулж байгааг дурдсан.

Мөн 2017 онд батлагдсан хуульд стандартыг сонгон хэрэглэх зарчмыг баримталж ирсэн. Гэвч амьдрал дээр энэхүү зохицуулалт нь иргэн, аж ахуйн нэгж, төрийн хяналт зэрэг давхардсан олон ойлгомжгүй нөхцөл байдлыг иргэд, нийгмийн дунд бий болгож, ойлголтын зөрүү үүсгэж, хэрэгжилтийн тодорхойгүй байдлыг үүсгэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд бодит эрсдэл үүсгэсээр байна гэв.

Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба нь Стандарт хэмжил зүйн газраас 2020 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 6733 стандарт байгаа бөгөөд үүний 80 орчим хувь нь хэрэгжих боломжгүй, зайлшгүй шинэчлэх шаардлагатай, нийгмийн бүхий л салбарт өөрчлөх анхаарах зайлшгүй асуудал байгаа нь тодорхой болсон. Үүнээс зөвхөн 20 орчим хувь нь шинэчлэгдсэн. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа нийт 400 орчим лабораториос ердөө 35 нь стандартын шаардлага хангасан, олон улсын итгэмжлэлийн нөхцөл байдлыг хангасан, хүнсний лабораторийн 35 хувь нь л итгэмжлэгдсэн байна. Хяналт баталгаажуулалтын тогтолцоо нэг мөр биш, олон эх сурвалжтай, давхардсан бүтэцтэй, эрх зүйн зөрчилтэй хэвээр байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарт 686 стандарт хэрэгжиж байгаа бөгөөд үүний 479-ийг шинэчлэх шаардлагатай бөгөөд эмчилгээ, оношилгооны чиглэлээр эмнэлгийн аюулгүй байдал, иргэдийн үйлчилгээний чанарыг хангах боломж нөхцөл бүрдээгүй байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлоод иймд өнөөдрийн байдлыг өөрчлөх, суурь шинэчлэл хийх, олон улсын түвшний тогтолцоонд шилжих шаардлагатай хэмээн үзэж, хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараах зарчимд тулгуурлан боловсруулсан гэлээ.

Нэгдүгээрт, Энэхүү хуулийн төсөл нь стандартыг сонголт биш, заавал мөрдөх, сонгосон бол хэрэгжүүлдэг байх, чанар, стандарт, аюулгүй байдлыг хангадаг байх, үйлдвэрлэгч, бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн хариуцлага, хэрэглэгчийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалт, итгэмжлэлийн тогтолцоог боловсронгуй болгох боломж нөхцөл бүрдэнэ. Үүний зэрэгцээ үндсэн болон олон улсын стандарт техникийн зохицуулалтыг уялдуулан хэрэглэх нөхцөлийг ч бүрдүүлэх юм. Цахим шилжилт, хиймэл оюун ухаанд суурилсан шинэ үеийн стандартын үйлчилгээний үндэс суурийг тавьж, импортоор оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг мэдээлэл, технологи, хиймэл оюун ухаанд суурилан хүний оролцоогүйгээр хянаж, шаардлагатай арга хэмжээг авах тогтсон нэгдсэн бүтцийг бий болгох боломжмийг бүрдүүлнэ гэлээ.

Хоёрдугаарт, Хуулийн төсөлд туссан гол шинэчлэлүүд нь стандартыг дагаж мөрдөх зохицуулалтыг хуульчилж, хэрэгжилт, хяналтыг эрх бүхий байгууллагаар дамжуулан баталгаажуулахаас гадна мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаар хэрэгжүүлэх ажлуудын нэр, заалт, салбар, хэм хэмжээ тодорхой болох боломж бүрдэх юм. Стандартыг улсын хэмжээнд нэг мөр болгох, мөрдөх, давхардалгүй нэгдсэн тогтолцоог ч бий болгоно. Стандарт тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгож, орон нутаг, бүсийн түвшинд хэрэгжилтийг хариуцах бүтэц, хяналт, оролцоог нэмэгдүүлнэ. Олон улсын итгэмжлэл магадлан итгэмжлэлийн байгууллагуудтай харилцан хүлээн зөвшөөрөгдөх эрх зүйн үндэс бий болно. Техникийн шаардлагыг ч  олон улсын стандарт хөгжлийн түвшинд хүргэх боломжийг бий болгоно гэж байлаа. 

Гуравдугаарт, Энэхүү шинэчлэлийг хийснээр иргэдийн хэрэглээний чанар, аюулгүй байдал, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал баталгаатай болно. Дотоодын үйлдвэрлэл, экспорт, хилийн хяналтын нэвтрэлт сайжирч, гаднын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Үндэсний үйлдвэрлэлийн эрчимтэй хөгжлийг ч бий болгоно. Авлигын эрсдэл буурч, төрийн хяналтын ил, тод байдал, үйлчилгээний хүртээмж илүү сайжирна. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрийн стандарт шалгуур зохицуулалт ил тод, ойлгомжтой, нэг бүр хэрэгжих боломж бүрдэхээс гадна зах зээлийн зарчмаар нь иргэд хяналтаа тавьж, аж ахуйн нэгж байгууллагууд хэрэгжүүлж, төр өөрөө ил тод, хүнд сурталгүй, авлигагүй системийг бий болгоход стандарт өөрөө асар өндөр ач холбогдолтой гэдгийг Шадар сайд онцолсон.

Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Засгийн газраас 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 06 дугаар сарын 10, 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн гэж байлаа. Мөн Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээ, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг 77хувь, Автотээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 78.6 хувь, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.4 хувь, Баяжуулсан хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 78.6 хувь, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 78.6 хувь, Монгол хэлний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 71.4 хувь, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг 66.7 хувь, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувь, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувь, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 80 хувийн саналаар тус тус хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг Улсын Их чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж  үзсэнийг онцлов.

Хуулийн төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн  О.Цогтгэрэл, П.Сайнзориг, О.Саранчулуун, О.Номинчимэг, Ц.Идэрбат, Л.Соронзонболд, Б.Уянга, Д.Үүрийнтуяа, Г.Очирбат, Г.Хосбаяр, М.Мандхай, Б.Пунсалмаа, Б.Хэрлэн, Д.Ганмаа, Г.Уянгахишиг, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Ингээд Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  тус тус дэмжсэн.

Иймд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв  
Үзсэн: 149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй