Шууд Chart

Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно

2025-06-20 17:34:49

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийг энэ сарын 23,24-ний даваа, мягмар гарагт зохион байгуулна. Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын конвенцийн хорооны (CEDAW) хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх арга зам, шийдлийг тодорхойлох зорилготой энэхүү нэгдсэн хэлэлцүүлгээр НҮБ-ын хүний эрхийн тогтолцоо болон парламентын үүрэг, оролцоо, хамтын ажиллагааны асуудлыг иж бүрнээр авч хэлэлцэх юм.

Нэгдсэн хэлэлцүүлгийн эхний өдөр Монгол Улс ба НҮБ-ын хүний эрхийн төлөв байдал, хяналтын байгууллагууд, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, уг конвенцийн хороо, конвенцийн хэрэгжилт, бодит байдлын талаарх дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг явагдана. Эдгээрээр НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмууд, мөн ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизм, Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэл, түүнийг хэлэлцүүлэх, хяналт тавих үйл ажиллагаа, мөн Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц, түүний нэмэлт протокол, үүнд нэгдэн орсны ач холбогдол, зорилт, уг конвенцийн хороо ба парламентын хамтын ажиллагаа, Монгол Улсаас 2022 онд хэлэлцүүлсэн 10 дахь тайлан, түүний хэрэгжилт, уг тайланг хэлэлцүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих парламентын үүрэг, парламентын гишүүдэд зориулсан энэ талаарх гарын авлага, Бүгд Найрамдах Узбекистан Улсын жишээ, Хүний эрхийн төлөв байдлын 2020 оны ээлжит нэгдсэн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, тэдгээрийг хэрэгжүүлэхэд гарсан ахиц, дэвшил, цаашид сайжруулах чиглэлүүд, энэ асуудлаарх парламентын механизм зэрэг илтгэл, сэдвүүдийг хэлэлцэж, дүгнэлт хийн, эн тэргүүнд анхаарах асуудлуудыг тодорхойлно.

Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, Улсын Их Хурлын гишүүн, Олон улсын парламентын холбооны Парламентчдын хүний эрхийн тусгай хорооны дэд ерөнхийлөгч О.Номинчимэг, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан, Олон Улсын Парламентын Холбооны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч, Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах, Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи, Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны зөвлөх Т.Амгалан, “Хүний эрх хөгжил төв” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Уранцоож нар илтгэл тавих юм. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын Парламент Олий Мажилисын хууль тогтоох танхимын гишүүн, Узбекистаны Хүний эрхийн үндэсний төвийн захирал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны гишүүн Саидов Акмал Холматович цахимаар оролцож, илтгэл танилцуулга хийнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй