
Олон улсын парламентын холбоо (ОУПХ) байгуулагдсан өдрийг 2018 оноос дэлхий дахинд Олон улсын парламентын өдөр болгон тэмдэглэж байна. Жил бүрийн зургаадугаар сарын 30-нд тохиодог энэ өдрийг угтан Монгол Улсын Их Хурал, Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлэг, ОУПХ-ны ажлын албаны гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
“Жендэрийн тэгш байдал” сэдвийн дор болсон гурван талт хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй Монгол Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд, мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Их Британийн Парламент дахь ОУПХ-той харилцах бүлгийн дарга, ноён Фабиан Хамильтон тэргүүтэй тус бүлгийн төлөөлөгчид, ОУПХ-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан Мариана Дуарте, Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн асуудлаарх шинжээч Хилари Гбедемах, Хүний эрхийн хөтөлбөрийн ажилтан Бутайна Ламхарзи нар оролцов.
Гурван талт хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа удирдан явуулж, Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд оруулсан өөрчлөлтөөр 2024 онд шинээр бүрэлдсэн парламентад 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Улсын Их Хурлын гишүүдийн 26.4 хувьд хүрсэн нь Ази тивдээ тэргүүлэгч орнуудын нэг болсныг онцлон, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангах талаар гаргаж буй Монгол Улсын хүчин чармайлт, хүрсэн үр дүнгийн тухай товч дурдав. Тэрбээр, Олон улсын парламентын өдрийг 2025 онд “Achieving gender equality, action by action” буюу “Алхам бүрээр жендэрийн тэгш байдлыг хангая” сэдвийн дор тэмдэглэж байгаа нь энэ асуудал дэлхий дахинд онцгой чухлаар тавигдаж буй хэрэг болохыг дурдаж, Монгол Улсын Их Хурал хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулах зорилго бүхий стратеги төлөвлөгөөнийхөө хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулах зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлыг гол болгон дэвшүүлж, энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буйг танилцуулав.
Хэлэлцүүлгийн талууд эмэгтэйчүүдийн улс төр, эдийн засаг, олон нийтийн болон гэр бүлийн харилцаан дахь тэгш эрх, хүртээмжтэй боломжийг хангах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь улс орон, ард түмнүүдийн амьдралд олон талын эерэг үр нөлөөг дагуулдгийг ярилцаж, энэ асуудалд парламентуудын манлайллыг хэрэгжүүлж ажиллах нь бодитой үр дүн гаргахад чухал хувь нэмэртэйг илэрхийлэв. Мөн хүний эрхийн талаарх НҮБ-ын механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хамтран зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлэг амжилттай болсныг цохон тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа | ||
Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.