Шууд Chart

Пунцагийн Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

2025-07-07 11:22:01

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарчид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Монгол Улсын Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Пунцагийн Бадарч Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 оны 8-р сарын 7-нд төрсөн.

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төрж, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.

Ажил хөдөлмөрийн гараагаа 1963 оноос эхэлж Геологи шинжилгээний газар, Реклам чимэглэлийн үйлдвэр, Утга зохиол-урлаг сонин, Монголын зохиолчдын эвлэл, Эрдэнэсант сумын клуб, 1970 онд Өмнөговийн Овоотын хилийн отрядад цэргийн алба хааж тэндээ зураач, сурвалжлагч, клубын эрхлэгч мэргэжлийн зохиолч зэрэг ажлыг 1978 он хүртэл хийж ирсэн бөгөөд 1978 оноос Цэргийн ансамбльд утга зохиолын эрхлэгч, улмаар МЗЭ-ийн орлогч даргаар ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болжээ.

1960 оноос уран бүтээлээ эхэлж 1967 онд "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлжээ.

1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал ,1999 онд СГЗ, 2005 онд Ардын Уран Зохиолч цол хvртжээ.

2019 онд “Есөн эрдэнийн орон ” найраглалаараа ”Төрийн соёрхол” хүртэж, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, медалиудаар шагнагдсан байна.

Уран бүтээл:

  • "Есөн эрдэнийн эх орон" (1972) - Д.Баттөмөр аялгуу хийж дуу болгожээ
  • "Зургаан мөнгөн мичид" (1977)
  • "Алтан тоос" (1980)
  • "Ширхэг цагаан сувд" (1980)
  • "Намрын хонгор салхи" (1985)
  • "Би энэ байна" шилдэг шүлгүүд (1995)
  • "Бөрттэй цагаан сарны дор" (1999)
  • "Бурхан багшийг сургааль" (2002)
  • "Тэнгэрийн хас од" (2003)

Гавьяа шагнал:

  • МЗЭ-ийн шагнал (1981) - "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ,
  • Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал (1988) - "Есөн эрдэнийн орон" найраглалаараа,
  • Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1999),
  • Монгол Улсын Ардын Уран Зохиолч цол (2005),
  • Монгол Улсын Төрийн шагнал цол (2019),

Пунцагийн Бадарчийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа  
Үзсэн: 189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй