
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Өзхан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтаар талууд Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, ЕСБХБ-аас томоохон төслүүдэд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдгээ онцлон тэмдэглэв.
ЕСБХБ нь 2007 оноос хойш Монгол Улсад нийт 2.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг Засгийн газар болон хувийн хэвшлийн 151 төсөлд зээл болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгосон бөгөөд үүний 93 хувь нь хувийн хэвшилд чиглэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход чухал хувь нэмэр оруулсаар байна.
Ноён Хусейн Өзхан “ЕСБХБ засаглал, бизнесийн орчныг сайжруулах, бүс нутгийн интеграцчлалыг бэхжүүлэх, ногоон, уур амьсгалд тэсвэртэй эдийн засгийг дэмжих чиглэлд хамтран ажиллаж, эдгээр ажлууд нь засгийн газрын бодлоготой нягт уялдаж байгаад таатай байна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, бизнесийн хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, экспорт, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан, технологи, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой” гэсэн юм гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк хөрөнгө оруулалтаа нэмнэ | ||
Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.