
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ) болон БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар хооронд “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгууллаа.
Санамж бичигт Монголын талаас ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, БНХАУ-ын талаас тус улсын Гаалийн ерөнхий газрын Амьтан, ургамлын хорио цээрийн газрын Ургамлын хорио цээрийн хэлтсийн дарга Юү Шяодун нар гарын үсэг зурж баталгаажуулав.
Хоёр тал энэхүү баримт бичгийг байгуулснаар Монгол Улс болон БНХАУ-ын хооронд мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүний хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээр, текникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил дамнасан хортон шавж, халдварт өвчний дэгдэлтээс сэргийлэх ойлголцолд хүрлээ. Мөн тэдгээрийг илрүүлэх чиглэлээр хамтран ажиллах бөгөөд харилцан мэдээлэл солилцож, хөдөө аж ахуй, ойн үйлдвэрлэлийг хамгаалах замаар хоёр улсын худалдааг хөнгөвчлөн, өргөжүүлэхээр зорьж байгаа юм.
Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Сайдын зөвлөх Т.Мөнхтөр, Гаалийн ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Хосбаяр, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын Үндэсний боомтын захиргааны албаны дарга Жан Баөфэн, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Хил, далайн хэргийн газрын дарга Жао Лижянь, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны газрын Хоёрдугаар нарийн бичгийн дарга Ч.Нуунзаяа тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Монгол Улс, БНХАУ-ын хооронд мал, амьтан, ургамлын худалдааг хөгжүүлэх санамж бичиг байгуулав | ||
Үзсэн: 231 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.