Шууд Chart

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа

2025-07-08 12:04:14

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа.

Төрийн хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хөгжимд хоёр улсын Төрийн дуулал эгшиглэв. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч гэргий болон хүндэт зочдын хамтаар Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолсны дараа, Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар Төрийн хүндэт харуулын цэргүүдтэй мэндчилэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн хүндэт зочидтой мэндчилж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Эзэн Хаан Нарүхито Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Угтах ёслолд Монгол Улсын төр, засгийн төлөөлөгчид болон Эзэн Хааны одон хүртсэн монгол иргэд, Мэргэжлийн сүмо бөхийн Их аваргуудын төлөөлөл оролцлоо.

Айлчлалын үеэр Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцох бөгөөд “Чингис хаан” үндэсний музей, Гандантэгчэнлин хийд, Хустайн байгалийн цогцолборт газарт морилж, түүх, соёл, зан заншилтай танилцаж байна.

Мөн Ус сувгийн удирдах газар, ундны усны “Гачууртын эх үүсвэр”, Монгол-Японы эмнэлэг болон боловсролын байгууллагад зочлохоос гадна манай улсад оршин суугаа япон иргэдийн төлөөлөл, Япон Улстай харилцаа холбоотой монгол иргэдийг хүлээн авч уулзана.

Хоёр улс 1972 онд дипломат харилцаа тогтоож, 1997 оноос “Иж бүрэн түншлэл”-ийн, 2010 оноос “Стратегийн түншлэл”-ийн, 2022 оноос “хүн төвтэй” “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон юм.


Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа  
Үзсэн: 252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй