
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 30 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Х.Ганхуягийн танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Хуралдаанаар Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс гаргасан саналыг нэмж тусгасан төслийн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хувилбартай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь Засгийн газраас 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар, Р.Батболд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан, Дав.Цогтбаатар нар үг хэлсэн. Гишүүд асуудлыг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ төслийн хүрээнд барих авто замын нэг км-ын ажлын өртөг өндөр буй шалтгааныг илүүтэй тодруулж байв.
“Засгийн газрын өрийн баталгаа гаргах зөвшөөрөл олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Байнгын хорооны дарга Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 88.2 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.
Төсвийн зарлагын хяналтын дэд хороонын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмж оруулан, ингэснээр уг дэд хороо 12 гишүүнтэй болж буйг Байнгын хорооны дарга Х.Ганхуяг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Мөнхтулга асуулт асууж, үг хэлсний дараа Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хороонын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан, Ч.Номин нарыг нэмэхийг дэмжье гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 88.9 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ | ||
Үзсэн: 194 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.