
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэв.
Байнгын хорооны хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл даргалан явууллаа.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлж буй тухай танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга А.Ариунзаяа хийлээ. Байнгын хорооны даргад Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэгийг нэр дэвшүүлж багааг тэрбээр дурдаад, товч намтрыг танилцуулсан юм.
Нэр дэвшигч О.Номинчимэг 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн харьяа Монгол-Туркийн хамтарсан байгалийн ухааны төрөлжсөн дунд сургууль, 2004 онд Токиогийн Гадаад Хэлний Их Сургууль, 2008 онд Токиогийн Их Сургуулийг эрх зүйч (LLB) мэргэжлээр төгсөж, 2010 онд Токиогийн Их Сургуульд Харьцуулсан эрх зүйн магистр (MA in Law), 2015 онд Колумбийн Хуулийн Сургууль Хууль зүйн магистр (LLM)-ийн зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2010-2021 онд Мицубиши Корпораци, Хоган Ловеллс компанийн хуульч, Өмгөөллийн “Авинекс Партнерс” ХХН, “Номин энд Адвокатс” ХХН-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байгаад 2021-2022 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга, 2022-2023 онд Монгол Улсын Их Хурлын даргын зөвлөх, 2023-2024 онд Нийслэлийн Засаг Даргын орлогчоор ажилласан байа. 2024 оноос Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдээс тус Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх талаар өөр санал гараагүй бөгөөд хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, Ж.Золжаргал, Ж.Галбадрах, мөн хуралдаан даргалагч Д.Рэгдэл нар үг хэлж, нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд нэр дэвшигчийг 100 хувь дэмжсэн тул санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.