
Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Азийн хөгжлийн банк (АХБ) -ны Суурин төлөөлөгч Шэннон Коулиныг өнөөдөр (2025.08.14) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Н.Учрал Монгол улс, АХБ-ны хамтын ажиллагааг өрөгжүүлэх хүрээнд байр сууриа илэрхийлж, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг Засгийн газрын тэргүүлэх зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэхийг хүслээ. АХБ-тай 2025-2028 онд нийт 24 төсөл хэрэгжүүлэхээр урьдчилсан судалгаа хийн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн, Монгол улсын Хөгжлийн банкны засаглалыг бэхжүүлэх, олон улсын стандартын дагуу комплаенсийн чадавхыг сайжруулах хүрээнд Монгол улсад идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын хөгжлийн санхүүжилтийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаагаа онцлоод, АХБ-ны төлөөллийг Монгол улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хамтран ажиллахыг урилаа.
АХБ-ны Суурин төлөөлөгч Шэннон Коулин, ЭЗХЯ нь хамтын ажиллагааны урт болон дунд хугацааны бодлого боловсруулж хамтран ажиллах хамгийн чухал түнш гэдгийг онцлоод, төслүүдийн хэрэгжилтэд салбар дундын зохицуулалт хийж, манлайлал үзүүлэн ажиллах болсонд талархал илэрхийллээ. Азийн хөгжлийн банк нь ЭЗХЯ-тай хамтран “Аймаг сумын бүсчилсэн, ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр” “Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр” (KAPEK) хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацааны алдагдсан боломжуудыг дүгнэлт хийж илүү бодит үр дүнтэй ажиллахаар талууд санал нэгдлээ.
АХБ нь Монгол улсад 1991 оноос хойш 4,14 тэрбум орчим ам.долларын санхүүжилтээр 477 зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хэрэгжүүлээд байгаа юм.
Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө ажиллуулахыг урьж байна | ||
Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.