
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хуулийн 8.6.3-т өмгөөллийн үйл ажиллагаатай хавсран эрхэлж болохгүй ажил, албан тушаал буюу улс төрийн нам, түүний харьяа, салбар, бүтцийн нэгжид орон тооны ажил болон хууль зүйн чиглэлээр багшлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, өмгөөллийн хуулийн этгээд, мэргэжлийн холбоо, түүний хороодын чиг үүрэгт хамаарахаас бусад ажил, албан тушаал хавсран эрхэлж байгаа хуульчийг өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад оруулахаас татгалзахаар заасан.
Энэ зохицуулалт нь өмгөөлөгчийн эрх авах шалгалтад оролцох хуульч шалгалтад бүртгүүлэхдээ дээр дурдсан ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, шалгалтадаа тэнцээгүй тохиолдолд ажлын байргүй болох эрсдэлийг үүсгэсэн байна.
Иймд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад хуульч бүртгүүлэхдээ ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байхыг шаардаж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хязгаарлаж байсан Өмгөөллийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиар хүчингүй болголоо.
Уг хууль батлагдснаар хуульч эрхэлж байгаа ажил, албан тушаалаасаа хамааралгүйгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох шалгалтад орох боломжтой болж, хуульчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн юм.
Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хэрэгжиж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуульчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг хангав | ||
Үзсэн: 112 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.