Шууд Chart

Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо

2025-08-15 18:05:43

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулиныг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарын хөгжилд оруулсан Азийн хөгжлийн банкны хувь нэмрийг Ерөнхий сайд өндрөөр үнэлж хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Засгийн газраас баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэл, эрхзүйн болон эдийн засгийн реформын талаар Ерөнхий сайд Г.Занданшатар товч танилцуулсан бол Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны зорилтуудын талаар суурин төлөөлөгч онцлон дурдлаа.

Гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд онцоллоо. Энэ чиглэлээр олон улсын туршлага нэвтрүүлэх, хөгжлийн түнш байгууллагуудтай хамтран ажиллах, Монгол Улсын онцлогт тохирсон санхүүжилтийн тогтолцоо бий болгох, орон сууцны санхүүжилтийн тусгайлсан чиг үүрэгтэй банк байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад байгаа юм.

Азийн хөгжлийн банк Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахад бэлэн гэдгээ хатагтай Шэннон Коулин илэрхийллээ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, татварын орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй болон дэд бүтцийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг сэдвээр санал солилцлоо.

 


Орон сууцны санхүүжилтийн банк байгуулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай санал солилцлоо  
Үзсэн: 118 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй