
Өнөөдөр хичээлийн шинэ жилийн хонх цангинаж, хүүхэд багачуудын инээд баяслаар цэцэрлэг, сургуулиуд цалгих өдөр. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн урьдчилсан дүнгээр сургуулийн өмнөх боловсролын 300 орчим мянга, ерөнхий боловсролын 830 орчим мянган хүүхэд суралцахаар байна.
Сануулахад Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жилээр зарласан. Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн асуудалд анхаарч шуурхай арга хэмжээ авах, хүүхдийн тоогоор багшид нэмэгдэл хөлс тооцох асуудлыг шийдвэрлэхийг Боловсролын яам болон нийслэлийн удирдлагуудад Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа.
Мөн боловсролын салбарт цахимжилтийг эрчимжүүлж, “Багшлахуйгаас суралцахуй” /FROM TEACHING TO LEARNING/ тогтолцоонд шилжих, ингэснээр багш, ажилтны цалин хөлсний тогтолцоонд ч өөрчлөлт гарах юм.
Ийнхүү улс орон даяар хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил эхэлж байна. Үүнийг тохиолдуулан алдрай бяцхан үрс, аав, ээжийн хүүхдүүд, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Алтан навч хийслээ дээ
Аяны шувууд буцлаа даа
Есөн сарын нэгэн боллоо
Ерөөсөө бидний баяр даа…
Есөн сарын нэгэн бол ерөөсөө бидний баяр мөн билээ.
ӨНӨӨДӨР: Есдүгээр сарын нэгэн | ||
Үзсэн: 206 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.