Шууд Chart

"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө

2025-10-16 15:51:35

БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны хорооллын төслийн барилга байгууламжийг хүлээлгэн өгөх, ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
 
“Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд агаарын бохирдол, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах зорилготой юм.
 
Ёслолын арга хэмжээг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан “Хоёр улсын хоорондын гэрээнд заасны дагуу 756 айлын орон сууцыг газар чөлөөлсөн эрх бүхий иргэдэд өмчлүүлэхээр, 252 айлын орон сууцыг түрээсийн хэлбэрээр олгохоор төлөвлөсөн. Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллаж, үүргээ бүрэн биелүүлсэн БНХАУ-ын инженер техникийн ажилтнууд, гүйцэтгэгч компани, Монгол Улсын талаас уг төслийн хэрэгжилтэд гар бие оролцсон компаниудад гүн талархал илэрхийлье” гэв.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Монгол Улс, БНХАУ хоорондын найрсаг харилцаа, стратегийн түншлэл жилээс жилд өргөжин гүнзгийрч байна. Энэхүү төслийг дуусгаж, хүлээлгэн өгч байгаа нь Хятад, Монголын нөхөрлөлийг улам бэхжүүлэх, хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх, "Бүс ба Зам" санаачилгын бүтээн байгуулалтыг ахиулахад хувь нэмэр оруулж байгаа” талаар онцлов.
 
Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр “Хятад Улсын Хоёр дахь металлурги групп” ХХК, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын 20 гаруй компани ажилласан бөгөөд тус 1008 айлын орон сууц нь цутгамал төмөр бетон зоорьтой 21 давхар, 8 блок барилгаас бүрдэнэ. Давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө, 6 айлтай юм.
 
Тус арга хэмжээнд ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань, Бугат хотын орлогч дарга Лэй Дяньжюнь нарын бусад албаны хүмүүс оролцлоо гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.  
 

"Ногоон нуур-1008 айлын орон сууц"-ны төслийн барилгыг хүлээлгэн өглөө  
Үзсэн: 235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй