Шууд Chart

Бөгтөр халимын тоо толгой сэргэж буй ч тэдэнд шинэ аюул нүүрлэж байна

2026-07-27 09:26:30

Өмнөд Африкийн баруун эргийн ойролцоо 300 орчим бөгтөр халим нэг дор цугларсан ховор үзэгдлийг гэрэл зурагчин Крис Фаллоуз, байгаль судлаач Моник Фаллоуз нар баримтжуулсан байна. Судлаачдын үзэж буйгаар энэ нь 1986 онд арилжааны халим агнахыг хориглосноос хойш бөгтөр халимын тоо толгой сэргэсэн болохыг илтгэх тод жишээ болжээ.

Эрдэмтдийн тооцоолсноор өмнөд хагас бөмбөрцөг дэх бөгтөр халимын тоо агнуурын оргил үед 10 мянга хүрэхгүй болж цөөрсөн бол өдгөө 100 мянгаас давжээ. Иймээс бөгтөр халимын сэргэлтийг далайн амьтан хамгааллын хамгийн том амжилтуудын нэг хэмээн үнэлдэг.

Бөгтөр халим ихэвчлэн ганцаараа эсвэл цөөнөөр сүрэглэдэг. Харин крилл зэрэг хоол тэжээл элбэг бүсэд хэдэн зуугаар цуглах тохиолдол бий. Судлаачид ийм "супер сүрэг" бүрэлдэхэд халимуудын усан доорх дуу авиа бусдыгаа татдаг байж болзошгүй гэж үзжээ.

Гэсэн ч бөгтөр халимд учрах эрсдэл бүрэн арилаагүй байна. Ойрх Дорнодын мөргөлдөөний улмаас Улаан тэнгисийн аюулгүй байдал муудаж, олон улсын худалдааны хөлөг онгоцууд Африкийн өмнөд эргийг тойрон зорчих болсон нь усан онгоц халимтай мөргөлдөх эрсдэлийг нэмэгдүүлжээ. Үүний улмаас Өмнөд Африкийн эргээс сэнсний мөртэй халимын сэг зэм ч илэрсэн байна.

Байгаль хамгаалагчид усан онгоцны хурдыг хязгаарлах зэрэг хамгаалалтын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг онцолжээ. Учир нь загас агнуурын хэрэгсэлд орооцолдох, усан онгоцтой мөргөлдөх, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйл бөгтөр халимын өмнө тулгамдсан аюул хэвээр байгааг мэргэжилтнүүд сануулсаар байна.


Бөгтөр халимын тоо толгой сэргэж буй ч тэдэнд шинэ аюул нүүрлэж байна  
Үзсэн: 62 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй