Шууд Chart

УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

2025-10-24 20:04:59

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын гишүүн Баттөмөрийн Энхбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар,

-Монгол Улсын Засгийн газар Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар төрийн хуулийг биелүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ бол төрийн зүрх болсон Хууль зүй, дотоод хэргийн салбарын чин ариун үүрэг. Төрийн шударга байдал, иргэдийн итгэл хоёр салшгүй холбоотой. Хууль шударгаар үйлчилж, төр хариуцлагатай ажиллах ёстой.

Монголын хөгжлийг удаашруулж, ард түмний итгэлийг сулруулсан авлига, албан тушаалын гэмт хэрэг, баялгийн хулгай, нүүрсний хулгай, хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх нь манай Засгийн газрын эн тэргүүний зорилт. Баялгийн хулгай, нүүрсний хулгайг таслан зогсоож, учирсан хохирлыг арилгах, гэм буруутанд хуулийн хариуцлага хүлээлгэх, далд эдийн засгийг ил болгох нь Монгол Улсын эдийн засаг, ард түмний нийтлэг эрх ашиг юм.

Энэ бүхнийг шийдвэрлэснээр цалин, тэтгэврийг шаардлагатай түвшинд хүргэн нэмэгдүүлэх, эрүүл мэнд, боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг амьдралын чанарыг дээшлүүлэх бодит нөхцөл боломж бүрдэнэ.

Баттөмөрийн Энхбаяр хууль, эрх зүйн салбарт 20 гаруй жил ажилласан, мэргэжлийн өндөр түвшний хуульч, бодлого боловсруулагч, шударга зарчимч, эрч хүчтэй, залуу улстөрч юм.

Тэрбээр 2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд, 2023-2024 онд ХЗДХ-ийн сайдаар ажиллах хугацаандаа шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигын эсрэг хуулийн шинэчлэлд бодит ахиц гаргаж байсан. Иймээс түүнийг хууль, эр зориг, шударга ёсны үнэт зарчмыг хамгаалж, төрийн хуулийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх чадвартай хэмээн итгэл хүлээлгэн энэхүү нэн хариуцлагатай албан тушаалд томиллоо.

Монгол Улсын сайд гэдэг бол ард иргэдийн итгэлийг даах, хэлсэн үг, хийсэн ажилдаа эзэн байх хамгийн дээд хариуцлага юм. Сайд хүн бол албан тушаалын биш, ард түмний итгэлийн эзэн байх учиртай.

Иймд Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын бүх гишүүдэд хандан “Төрийн үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, Үндсэн хуульт эрх зүйт төрийг бататгах үүргээ бүрэн ухамсарлан, кабинетын зарчмаар хамтран ажиллах” зарчмыг хатуу шаардаж ажиллах болно.

Мөн “Гэмгүй нэгнийг хэлмэгдүүлж болохгүй, гэмт этгээдийг ял завшуулж болохгүй” гэдгийг ямагт санаж ажиллахыг сануулъя. 

Монгол Улсад хулгай, худал биш хууль, үнэн ялах ёстой.

Хууль дээдэлсэн төр, шударга ёсонд итгэсэн иргэн, хариуцлагатай төрийн алба - Энэ гурвын нэгдэл дээр Монгол Улс хөгжин дэвжих учиртай. Баялагтаа эзэн, шударга төртэй Монголын төлөө хамтран зүтгэе гэж хэллээ. 


УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо  
Үзсэн: 143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй