Гол мөрний мөсний үзэгдлийн урьдчилсан мэдээ: Монгол орны судалгаатай гол мөрний хувьд 10 дугаар сарын сүүл болон 11 дүгээр сарын эхэн үед голын мөсний үзэгдэл ажиглагдаж, сарын турш мөсний үзэгдэл идэвхтэй үргэлжилсээр 11 дүгээр сарын сүүлчээр битүү мөсөн бүрхүүл тогтдог.
2025 онд гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх хугацаа олон жилийн дунджаас Сэлэнгэ мөрөн (Хялганат баг, Зүүнбүрэн сум орчим), Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтийн нурууны хажуугаас усжих Халх, Тэрэлж, Алтайн салбар уулсаас усжих Буянт, мөн Хангайн нурууны өврөөс эхтэй Завхан, Идэр зэрэг голуудад 5–15 хоногоор оройтож эхэлэх төлөвтэй байна. Харин Хэнтийн нурууны Ерөө, Хэрлэн, Хангайн нурууны Түй, Увс нуурын савын Чигж зэрэг голуудад 5–10 хоногоор эрт бол Орхон (Сүхбаатар сум орчим), Хараа, Сөгнөгөр, Ховд, Булган зэрэг голуудад олон жилийн дунджийн орчим эхлэх хандлагатай байна.
2025 онд гол мөрний битүү мөсөн бүрхүүл тогтох хугацаа олон жилийн дунджаас Сэлэнгэ мөрөн (Хялганат баг орчим), Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Идэр, Үүр голууд, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн, Туул зэрэг голууд ойролцоогоор 10 хоногоор хожуу ажиглагдах хандлагатай бол Орхон голын дунд болон адаг, Алтайн нуруунаас усжих Бэлтэс, Чигж, Завхан, Түй, Ховд зэрэг голууд 5-10 хоногоор эрт ажиглагдах төлөвтэй байна. Харин Хараа, Ерөө, Онон, Халх зэрэг голууд олон жилийн дунджийн орчим буюу 11 дүгээр сарын дунд болон сүүлийн арав хоногт битүү мөсөн бүрхүүл тогтох төлөвтэй байна.
Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл 11 дүгээр сарын сүүлийн арав хоног болон 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ онд гол мөрөн, нуурын мөсний зузаан хүн, мал, машин техник явахад аюулгүй түвшинд хүрэхгүй байх магадлал өндөр байгаа тул мөс цөмрөх аюулаас онцгойлон сэрэмжлэхийг ард иргэдэд анхааруулж байна.
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацааг хүснэгтэд үзүүлэв.

| Ихэнх гол мөрний мөсөн бүрхүүл 12 дугаар сарын эхний арав хоногт тогтох төлөвтэй байна | ||
| Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.