Шууд Chart

2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа

2025-12-11 11:18:16

Гадаадын иргэн, харьяатын газар 2025 оны эхний арваннэгэн сарын байдлаар төлөвлөгөөт 41, төлөвлөгөөт бус 253 удаагийн хяналт шалгалтыг зохион байгууллаа.

Зөрчилд холбогдсон гадаадын 16881 иргэн, 3582 аж ахуйн нэгж байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 1222 иргэнийг албадан гаргав.

Зөрчил гаргасан нийт гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 66.7 хувиар, үүнээс хувь хүнээр зөрчил гаргасан иргэдийн тоо 5.21 хувиар, уригч хуулийн этгээдээр зөрчил гаргасан иргэдийн 84.07 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын иргэдийн нийтлэг зөрчлийг авч үзвэл, хөрш орнуудтай байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрт заасан хил орчмын нутаг дэвсгэрт зорчих бичиг баримтаар зөвшөөрснөөс бусад нутаг дэвсгэрт зорчих, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлэх, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчлүүд дийлэнх хувийг эзэлж байна.

Мөн ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа. Улсын хилээр оруулалгүй буцаасан иргэдийн дийлэнх хувийг БНХАУ (1130), БНСУ (151)-ын иргэд эзэлж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


2025 онд 32 улсын 1556 гадаадын иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаалаа  
Үзсэн: 165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй