Шууд Chart

Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээсэн зохицуулалтыг баталлаа

2025-12-11 17:39:10

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнөөдөр болж, журам батлах, хуулийн этгээдээр бүртгэх, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон бүртгэлийн өөрчлөлт хийх зэрэг нийт 16 асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа. УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэхүү үйлчилгээг зохицуулах эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад шинэ төрлийн үйлчилгээ нэвтрэх боломж бүрдсэн. Санхүүгийн зохицуулах хороо энэхүү өөрчлөлтийн хүрээнд хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын оролцоотой өргөн хүрээний судалгаа, шинжилгээ хийсний үндсэн дээр Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбоо (International Securities Lending Association, ISLA)-ны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан журмыг боловсруулсан. Шинэ журамд үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээнд тавих шаардлага, зээлдүүлэх боломжтой үнэт цаасны төрөл, гэрээний үндсэн нөхцөл, барьцаа хөрөнгийн удирдлага, оролцогчдын эрх, үүрэг болон мэдээлэл, тайлагналын зохицуулалтыг нарийвчлан тусгасан. Журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэнэ. Мөн энэ нь зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлж, арилжааны идэвхийг өсгөхөөс гадна Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт ойртуулж, өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ. Цаашилбал хөрөнгийн зах зээлийн цаашдын хөгжил, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оролцогчдын хүрээг тэлэхэд чухал дэмжлэг болох юм.

Мөн хуралдаанаар “Би Би Эс Эй” ХХК-ийн “Гоулд траст” нэртэй хамтын биржээр арилжаалагддаг хөрөнгө оруулалтын сан /Gold ETF/ үүсгэн байгуулах баримт бичгийг  бүртгэлээ. Тус биржээр арилжаалагддаг сангийн үндсэн зорилго нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны үндсэн дээр сангийн хөрөнгийг боломжит санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар алтны үнийн хөдөлгөөний өгөөж болон эрсдэлийг нэгж эрх эзэмшигчдэд хүртээхэд чиглэх юм. Сангийн нэгж эрх нь алтанд хөрөнгө оруулахтай ижил бөгөөд сан нь зөвхөн нэгж эрхэд харгалзах алтны биржээр арилжаалагддаг сан болох АНУ-ын Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй /SPDR Gold Shares ETF/ хөрөнгө оруулалт хийхээр хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичигт тусгасан байдаг. 

Түүнчлэн хуралдаанаар компанийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг  бүртгэхээр, даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2 компанийн 30  иргэнд олгохоор, банк бус санхүүгийн итгэлцлийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 1 компанид нэмж олгохоор, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээр 2 компанийг бүртгэхээр, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэр бүхий 1 иргэнд олгохоор, 2 компанийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээр тус тус шийдвэрлэлээ. 

Хуралдаанаар мөн "Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог нэмэгдүүлэх хүрээнд үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх ажлын хэсэг”-гээс гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсад үнэт цаасны данс нээх үйл ажиллагаанд тулгардаг хүндрэл, бэрхшээл болон олон улсын туршлагаас танилцуулаад ойрын хугацаанд дээрх хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хуралдаанаас үүрэг болгон өглөө.


Мэргэжлийн хөрөнгө оруулагчдад үнэт цаас зээлдүүлэх боломжийг нээсэн зохицуулалтыг баталлаа  
Үзсэн: 163 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй