Шууд Chart

Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо

2026-02-28 16:43:06

Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан хөдөөгийн хөгжлийн асуудлаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр аймгуудийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал (ИТХ)-ын дарга, Засаг дарга нартай санал солилцох уулзалт хийлээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Төрийн байгуулалтын байнгын хороодын дарга Б.Бейсен, Ц.Сандаг-Очир болон ажлын хэсгийн гишүүд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Төв, Ховд, Хэнтий, Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар танхимаар, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн удирдлагууд цахимаар оролцов.

Монгол Улсын иргэнд Үндсэн хуулиар олгогдсон хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль тогтоомж, захиргааны элдэв хэм хэмжээ, авлига, хүнд суртал үүсгэж буй дүрэм, журмуудыг цуцлах, засаж сайжруулах үүднээс Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгаа дэвшүүлсэн. Улмаар захирамж гаргаж, салбар, чиглэл бүрээр хууль тогтоомж, эрх зүйн актуудыг нягтлан дүгнэх 15 ажлын хэсэг байгуулсныг нэг нь хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг юм. Ажлын хэсгээс аймгуудад тулгамдаж байгаа асуудлууд, ойлгомжгүй, салаа утга агуулсан, давхардал, хийдэлтэй, зөрчилтэй болон хэрэгжүүлэх боломжгүй хууль тогоомж, зүйл заалтын талаарх судалгааг энэ сарын 26-ны дотор авч нэгтгэсэн байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат үйл ажиллагааныхаа талаар товч танилцуулж, санал солилцох уулзалтаар хууль, эрх зүйн тулгамдсан асуудлын талаар ярилцахын зэрэгцээ ирэх сард эхлэх Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудад аймгийн удирдлагуудын саналыг авах зорилготой гэдгийг танилцуулсан юм. Ажлын хэсгийн дэд ахлагч О.Амгаланбаатар хууль, эрх зүйн одоогийн орчин нөхцөлд хөдөө, орон нутаг хөгжих боломжгүй гэдгийг онцолж, энэ талаар саналаа хэлж, эрх зүйн шинэчлэлд тусгуулахыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт уриалав. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен хөдөөгийн гэр бүлийн тогтвортой, элэг бүтэн байдалд сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлс, хүүхэддээ боловсрол эзэмшүүлэх зорилгоор гэр бүл төв суурин болон хөдөө таран сууж буй нь нийгмийн хамгийн том тулгамдсан асуудал болж буйг онцлоод, малчдын өрхийн үйлдвэрлэл татарч, сүү, цагаан идээний хангалт ихээхэн буурч байгааг анхааруулав. Мөн орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах ажиллагаанд тулгарч байгаа эрх зүйн бэрхшээл, хөдөөгийн эмнэлгүүдийн мэргэжил, техник, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлыг чухалчлан ярилаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир төрийн босоо удирдлагатай байгууллагуудын удирдлага, зохион байгуулалтыг хэвтээ болгох зарчмын өөрчлөлт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдаад хэлэлцэгдэж байгааг сануулж, Төрийн хэмнэлтийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай зэрэг хуулийн цаглавар болон бусад зохицуулалтад анхаарах, Засгийн газраас Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулж буйд саналаа тусгаж ажиллахыг зөвлөв.

Уулзалтад оролцсон Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд эрх мэдлийн болон санхүүгийн төвлөрлийг сааруулах бодлогыг хуульд хэрхэн зохицуулах талаар аймгийн удирдлагууд санал бодлоо уралдуулж ажиллах шаардлагатай гэдгийг дурдаж, 2024 онд батлагдсан, энэ оны зургадугаар сараас мөрдөж эхлэх Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бэлтгэл ажил хангагдаагүйг сануулан, зарим зүйл, заалтын хэрэгжих хугацааг хойшлуулахаас аргагүй нөхцөл байдал бий болоод байгааг хэлсэн юм. Тэрбээр, орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж буй нь сайн ч алсдаа хөгжлийн бодлогын нэгдмэл байдал алдагдаж болзошгүй нөхцөлд хүргэж мэдэхийг анхаарууллаа.

Дараа нь Дорноговь, Сүхбаатар, Дархан-уул, Говьсүмбэр, Баян-Өлгий, Архангай, Төв аймгийн ИТХ-ын дарга Н.Алдарбаяр, Д.Хосбаяр, А.Янжмаа, Ш.Билэггүмбэрэл, А.Бегарыс, П.Гомбодорж, Н.Энхболд, Өвөрхангай, Говьсүмбэр, Баян-Өлгий, Завхан аймгийн Засаг дарга О.Пүрэвдорж, Т.Бат-Эрдэнэ, Е.Зангар, Г.Өнөрбаяр нар саналаа хэллээ. Аймгийн удирдлагууд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 20 хувийг орон нутагт үлдээх, сум хөгжүүлэх сангийн болон бусад эх үүсвэрээс иргэд, малчдад зээл олгоход тавигдаж байгаа нөхцлийг уян хатан болгох, заавал хоршоо байгуулсан байх гэсэн шаардлагыг байхгүй болгох, ИТХ-ын төлөөлөгчдийг төрийн албанд давхар ажиллуулах боломжийг өргөжүүлэх, ипотекийн зээл болон түрээсийн орон сууцны квотын талаар шийдвэр гаргах эрхийг орон нутаг өгөх зэрэг олон асуудлыг хөндөж байлаа. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, тендерийн хуульд тавигдсан босго үнийг нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийг долоон настайд нь сургуульд оруулдаг болгох, өвс тэжээлийн фонд бэлтгэхэд төсвийн дэмжлэг үзүүлдэг байх газар тариалангийн салбарт үрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, тариалангийн зориулалттай газрын эзэмшлийн асуудлыг ашиглалттай нь уялдуулж шийдвэрлэдэг байх, зоорийн аж ахуйг бодлогоор дэмжих зэрэг суурь асуудлуудыг ч дурдсан юм. Тухайлбал Баян-Өлгийн аймгийн Засаг дарга Е.Зангар босоо удирдлагатай байгууллагын албан хаагчид орон нутгийн ажилд оролцохгүй, хойш суудгийг шүүмжилсэн бол Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд сумдын статусыг тодорхой болгохоос эхлээд засаж, сайжруулах зүйл багагүй байгааг хэлж, ИТХ-ийн төлөөлөгчдийг нутгийн захиргааны ажил, албан тушаалд томилохыг дэмжих, төрийн албаны шалгуур, шаардлагыг багасгах, бонд босгох зэрэг орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг хумих шаардлага байгааг онцолж байлаа.

Түүнчлэн уулзалтын үеэр яригдсан сэдэв, аймгуудын удирдлагаас гаргаж байгаа саналын талаар Улсын Их Хурлын гишүүд байр сууриа илэрхийллээ. Санал солилцох уулзалтын тэмдэглэлийг Улсын Их Хурлын даргын зөвлөл болон Засгийн газарт хүргүүлж танилцуулна гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Ц.Идэрбат мэдээлж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хүрээнд хууль хоорондын зөрчлийг арилгах, уялдаа, нийцлийг хангах асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай байгааг онцоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


Хөдөөгийн хөгжлийн асуудлаарх ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай санал солилцлоо  
Үзсэн: 106 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй