Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компанийг удам дамжсан зоотехникч үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн долоон жил хуц, ухнын түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тэрбээр тус компанийн үйл ажиллагаа салбарын яамнаас баримталж буй бодлого, тэр дундаа “Орон нутгийн хөгжлийн төв” төсөлтэй нийцэж байгааг тодотгоод “Малын эрүүл мэндэд онцгой анхаарч, бүс нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох нь чухал гэж үзэж байгаа. Цаашид Орон нутгийн хөгжлийн төв байгуулж, өндөр ашиг шимт эцэг малаар малчдыг цөм сүргээ сайжруулах боломжийг бүрдүүлэх, ногоон тэжээл тариалах техник түрээсийн үйлчилгээ, малын эрүүл байх үндсийг бэжүүлэхийн тулд мал эмнэлгийн хувийн нэгжүүд байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ" гэлээ.

“Шавхагдашгүй баялаг” ХХК -ийн захирал Г.Бат-Эрдэнэ дээрх бодлоготой санал нэг буйгаа илэрхийлээд “Хээлтүүлэгч малыг ийм зарчмаар хувийн хэвшлийн нэгжүүдээр дамжуулан хэрэгжүүлэх нь малын эрүүл мэндэд чухал. Мал үржлийн ажлыг малчид өөрсдөө хариуцаж, хувь хүн хуц, ухныг сууриар хариулах нь олон эрсдэл дагуулдаг. Мөн зардлаа бууруулахад тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ чухал юм билээ” хэмээв.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Төр бизнес хийхгүй, бизнес эрхлэгчдийг дэмжинэ. Сонгон шалгаруулалтаар зарлаж, хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байгаа худаг ус гаргах, эцэг малын тавлаг байдлыг хангасан битүү хашаатай болгох зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгааг хэллээ.
Тус компани “Баяндэлгэрийн улаан ямаа” үүлдрийн ухна, үзэмчин хонь болон барга үүлдрийн хуц нийт 360 орчим эцэг малтайгаар мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ үзүүлдэг байна.
2025 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 100,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бөгөөд одоогоор Сүхбаатар, Хэнтийн аймгийн 10 гаруй сумдын малчдад хүрч ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.


| Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээний үйл ажиллагаатай танилцлаа | ||
| Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.