
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2014.10.08/ хуралдаан 9 цаг 30 минутад 57.9 хувийн ирцтэй эхэллээ.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Цайдам нуур, Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, Ажлын хэсгүүд байгуулах тухай, Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхээр төлөвлөсөн байв.
Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулах явцад Г.Уянга гишүүн горимын саналаар санал хураалгах хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тэрээр, эхний хоёр асуудал буюу “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг "Шударга ёс" эвслийн бүлэг дээр ярилцаад дээрх төслүүдэд хойшлуулах, илүү нухацтай судлах шаардлагатай асуудлууд олон байна гэж үзсэн. Мөн би гишүүнийхээ хувиар дээрх асуудлуудыг Засгийн газрын бүтэц хэлэлцэж дууссаны дараа оруулж ирэх нь зүйтэй хэлэлцэх асуудлуудаас хасч, хойшлуулах саналтай байна. Иймээс миний горимын саналаар санал хурааж өгнө үү хэмээн хүссэн. Ийнхүү горимын саналаар санал хураахад нийт гишүүдийн олонх дэмжиж тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулав.
Үүний дараа зарим Ажлын хэсгүүд байгуулах тухай асуудлыг хэлэлцэв. Гишүүд, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатарыг, Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтыг, 2015 оны төсвийн төслийг хэлэлцэх ажлын хэсгийн ахлагчаар Г.Батхүү нарыг тус тус томилохыг санал нэгтэй дэмжсэн.
Харин хуралдааны төгсгөлд Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төслийн танилцуулгыг Сангийн сайд Ч.Улаан хийв. Тэрээр, Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллаагааны хүрээг өргөжүүлэх зорилгоор хуулийн төсөлд тодорхой саналуудыг тусгалаа. Үүнд: Аймаг нийслэл, банкны мэргэжлийн холбоо, төсвөөс зээл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт гаргах зорилгоор Зээлийн батлан даалтын санд хөрөнгө хувиарлаж болох эрхийг нээж өгье, хувиарласан хөрөнгийг зөвхөн тухайн орон нутаг дахь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор тэдгээрт батлан даалт гаргахад зарцуулахаар тусгасан байгаа. Энэ төсөл батлагдсанаар Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, ялангуяа орон нутагт үйл ажиллагаа нь хүрч, хэрэгжих боломж бүрдэх юм гэв. Хуралдааны дэгийн дагуу төсөл санаачлагч болон ажлын хэсгийн холбогдох ажилтнуудаас гишүүд асуулт асууж саналаа хэлэв. Тухайлбал Г.Уянга гишүүн, уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэхийг дэмжиж байна. Тойргийн сонгогчидтой уулзах явцад жижиг бизнес эрхлэгчдийн олонх тав, арван сая төгрөгөөс доогуур эргэлттэй бизнес эрхлэгчид байдаг. Тэдний зүгээс зээлийн 60 хувийг сангаас даагаад ч үлдсэн хувьд нь барьцаа нь хүрдэггүй. Банкин дээр очоод бас л гацдаг. Тиймээс батлан даалтын бодлогын зөөллөх хэрэгтэй байна, энэ тал дээр зохицуулалт хийх боломж байгаа юу.
Төсөл санаачлагч Сангийн сайд Ч.Улаан сайд гишүүний асуултад, банкнаас зээлдэгчдэд тавих шаардлагыг зөөлрүүлэх боломжгүй байгаа. Нэгэнт эрсдлээ хүлээж байгаа банк зохих шаардлагаа тавих нь зүйн хэрэг. Харин банкнаас тавьсан шаардлагад нь нийцүүлээд барьцаа хөрөнгө нь хүрэлцэхгүй байвал сангаас зээлдэгч талд нь дэмжлэг үзүүлэх ажил бол явж байгаа гэв.
Түүнчлэн Х.Болорчулуун, А.Тлейхан, Л.Энх-Амгалан нарын гишүүд хууль батлагдсанаас хойш чамлахаар тооны иргэд зээлд хамрагдаж, батлан даалтанд хамрагдсан байна. Энэ нь батлан даалтын үйлчилгээнд хамрагдах журам, зээл олгож буй банкны шаардлагууд өндөр байгаатай холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлээд орон нутагт сан байгуулж, хөрөнгийг нь нэмэгдүүлж байгааг дэмжиж байгаа тухайгаа хэлж байв.
Ингээд санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.