Шууд Chart

“Хяналтын тухай” хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо

2014-10-08 17:07:25

“Хяналтын тухай” хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг өнөөдөр / 2014.10.08 / Төрийн ордны “Г” танхимд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар болон Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, холбогдох албаны төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ “Хяналтын тухай хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна. Мэргэжлийн хяналтын байгууллага аливаа осол, аюул гарсан хойно нь хяналт тавих бус эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийн туслалцаа, хамтын ажиллагаан дээр суурилж ажлаа явуулдаг байх шаардлагатай байна” гэв.

Тус хуулиар иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэх нийтлэг зарчим, үндэслэл, шалгалт хийх журам, шалгуулагч этгээдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн асуудлыг тусгасан байна. Тухайлбал, хяналтыг хэрэгжүүлэх үүрэг бүхий аливаа этгээд /салбарын болон яамны харьяаллыг үл харгалзан/ аж ахуйн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ энэ хуульд заасан хяналт шалгалтын үндсэн зарчмыг баримтлах бөгөөд тусгайлсан харилцааг тухайн салбарын хуулиар зохицуулахаар тусгажээ.

Хэлэлцүүлгийн эхэнд Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрей олон улсын хяналтын туршлага дээр үндэслэн  илтгэл тавилаа.

Тэрээр юун түрүүн “Хяналтын тухай” хуулийн төслийг бусад улсад жишээ болохуйц хуулийн төсөл болсон талаар онцлоод Монгол Улсын энэхүү шинэчлэлийн талаар өөр бусад улсад танилцуулж туршлага болгосон хэмээв.

Мөн тэрээр "Зарим улс оронд хяналт шалгалтын тоо бага бол  аюулгүй байдал алдагдана гэж үзэх нь бий. Гэтэл энэ бол буруу ойлголт юм. Эрүүл ахуй, ариун цэврийн эрх бүхий байгууллагууд бизнесийн байгууллагуудын 51 хувьд нь биет шалгалт хийхэд хяналт ихтэй Украйн улсад Европын холбооны гишүүн орнуудтай харьцуулахад  5 дахин их хүн халдварт өвчнөөр нас бардаг нь тогтоогдсон. Мэдээж бүгдийг шалгах арга зүй үр дүнтэй байдаггүй. Ямар ч улсад өдөр тутам бүх аж ахуй, нэгжийг хянаж шалгах боломж, нөөц бололцоо байхгүй. Харин эрсдэлд суурилсан хяналт нь хяналт шалгалт хаана хэрэгцээтэй байгааг эрсдэлд үндэслэн тогтоодог” гэв.

Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Дональд Макрейн илтгэлтэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүд болон холбогдох албаны төлөөлөгчид асуулт асууж, харилцан санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


“Хяналтын тухай” хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 892 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй