1072 хувьцаа, түүнд ногдох ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлсэн. Энэ асуудлаар ҮЦТХТ-ийн Захиргаа, хүний нөөц, хууль эрх зүйн газрын захирал Ж.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-1072 хувьцааг, түүний ногдол ашгийг өвлүүлэхээр болсон. Өвлөж авах хүмүүс хаана хандах бэ?
ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа бол төрөөс байгалийн баялгийн өгөөжийг иргэддээ тэгш хуваарилах суурь зарчмыг хэрэгжүүлж, эзэмшүүлж буй хэлбэр юм. 2011 оны 3-р сарын 31-ний өдрөөс Монгол Улсын иргэдэд 1072 хувьцааг эзэмшүүлж эхэлсэн.
Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ашигтай ажилласан жилүүдэд ногдол ашгийг иргэдэд олгодог. Тухайлбал, 2019, 2022, 2023, 2024, 2025 онуудад ногдол ашиг олгосон. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 154 тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг хууль ёсны өв залгамжлагчид өвлүүлэх шийдвэрийг гаргасан. Энэ өвлүүлэх процесст “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” байгууллага үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бүртгэж баталгаажуулдаг. Нас барсан иргэний хувьцаа болон ногдол ашиг нь үнэт цаасны “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” байгууллагын дансанд бүртгэлтэй хадгалагдаад байж байгаа. Өв залгамжлагчийг иргэнийхээ хуулиар Монголын нотариатчдын танхимын нотариатчид хийнэ.
-Хувьцааг өвлөж авах өвийг нь хэн нээх бэ?
-Өв нээгдэх газар нь тухайн нас барсан иргэний оршин амьдарч байсан, бүртгэлтэй байсан Засаг захиргааны нэгж буюу баг хороо байна. Өвлөж авах иргэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн 158989 тусгай дугаарт нас барсан иргэний регистрийн дугаарыг кирил том үсгээр илгээхэд хэдэн ширхэг хувьцааны үлдэгдэлтэй байна гэдгээ мэдэх боломжтой.
Иргэдэд сануулахад 2012 онд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 1072 хувьцааг сая төгрөгөөр төрд худалдсан. Хэрэв тухайн нас барсан иргэн төрд хувьцаагаа худалдсан бол одоо хувьцаа, ногдол ашиг өвлөх асуудал байхгүй. Ямар нэгэн байдлаар төрдөө худалдаагүй бол хувьцаа, ногдол ашиг нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн дансанд хадгалдаад байж байгаа. Өвлөж авахад бүрдүүлэх материал нь нотариат дээр байгаа бөгөөд оршин сууж, амьдарч байсан Засаг захиргааны нэгжийн Засаг даргын гаргаж өгсөн тодорхойлолтыг үндэслэнэ. Мөн Улсын бүртгэлийн газраас лавлагаа авах ёстой.
Монголын нотариатчдын танхим, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” санамж бичиг байгуулж хамтарч ажиллах тухай гэрээ байгуулж, бүх зүйлийг цахимжуулсан. Иргэд бичиг баримт бүрдүүлэх гэж наашаа цаашаа явах шаардлагагүй.
1072 хувьцаа өвлөх иргэд нотариат дээр очоод өв залгамжлах гэрчилгээ бичүүлж, цахим системд оруулаад QR кодтой болно. Энэ цахимжуулсан мэдээлэл нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д цахим байдлаар ирнэ. Ирсэн мэдээллийг хууль ёсны өвлөгчийн үнэт цаасны данс руу шилжиж бүртгэгдэнэ.
-Бүртгэж баталгаажсанаа яаж мэдэх бэ?
- И-Монголиа” орж өвлөж авсан мэдээллээ харах боломжтой. “И-Монголиа” дээр хэдэн хувьцаа хэдэн төгрөгийн ногдол ашиг хүлээж авсан талаарх мэдэээлэл нь харагдана. Иргэн наашаа цаашаа явах ямар ч шаардлага байхгүй.
-Өвлүүлэх ажилд хугацаа байгаа юу?
-Өвлүүлэх ажил зургаадугаар сарын 1-нээс эхэлсэн. Өвлүүлэх ажилд хугацаа заасан зүйл байхгүй. Өвлүүлэх ажил удаан хугацаагаар үргэлжилнэ. Иймээс иргэд хүлээцтэй хандах хэрэгтэй. Хугацаа алдах асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна.
-Өвлөж авах иргэдэд ямар шаардлага тавьж байгаа бэ?
-Үнэт цаасны данстай байх ёстой. Үнэт цаасны данс нь арилжааны банкны данснаас өөр ойлголт. Тухайлбал 1072 хувьцаагаар гэрчлэгдэж байгаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч гэдгийг баталгаажуулж байгаа үнэт цаасыг бүртгэж, баталгаажуулдаг ногдол ашгийг нь мөн хадгалж бүртгэж баталгаажуулдаг дансыг үнэт цаасны данс гэж байгаа. Энэ дансыг нээх хоёр арга байгаа. Нэгэн үнэт цаасны компани дээр бичиг баримттайгаа очиж нээлгэж, идэвхтэй байгаа банкны данстайгаа холболт хийлгэнэ. Эсвэл “И-Монголиа” орж нээлгэх боломжтой.
-Одоогийн байдлаар хэчнээн иргэн 1072 хувьцаа өвлөж авах бэ. Нарийн тоо судалгаа гарсан уу?
-2011 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн Засгийн газрын 98 дугаар тогтоолоор эзэмшүүлж эхэлж байснаас хойш өнөөдрийг болтол нас барсан иргэд хамрагдана. Одоогийн байдлаар 1072 хувьцаа эзэмшиж байсан 135 мянган гаруй иргэн нас барсан байна.
| Ж.Амарсайхан: 158989 тусгай дугаарт нас барсан иргэнийхээ регистрийн дугаарыг илгээгээд хэдэн ширхэг хувьцаа байна гэдгээ мэдэх боломжтой | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.