НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Эрүүл ус намгархаг газар – Эрүүл хуурай газар: Уур амьсгалын өөрчлөлт, гангийн тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх нь” сэдэвт зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний гол зорилго нь хуурай, гандуу бүс нутгийн ус намгархаг газрын экосистемийн ач холбогдлыг онцолж, тэдгээрийн хамгаалал, тогтвортой менежментээр дамжуулан ган, газрын доройтол болон уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах боломж, шийдлүүдийг хэлэлцэхэд чиглэв.
Арга хэмжээний нээлтэд Ус намгархаг газрын тухай конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Мусонда Мумба оролцож, ус намгархаг газар нь зөвхөн биологийн олон янз байдлын амьдрах орчин төдийгүй усны нөөцийг хадгалах, гангийн эрсдэлийг бууруулах, нүүрстөрөгчийг хуримтлуулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар хуурай газрын экосистемийн тэсвэрлэх чадварт чухал үүрэгтэйг онцоллоо.
Хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ус намгархаг газрын тухай конвенц, Wetlands International, BirdLife International, Азийн хөгжлийн банк, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв болон орон нутгийн төлөөлөл оролцож, олон улсын бодлогоос эхлээд орон нутаг дахь бодит хэрэгжилт хүртэлх асуудлыг олон талын байр сууринаас хэлэлцэв.
Монгол Улсын хувьд ус намгархаг газар нь хуурай, эрс тэс уур амьсгалтай нөхцөлд усны нөөц, бэлчээр, биологийн олон янз байдал, малчдын амьжиргаа болон орон нутгийн эдийн засгийг дэмжих байгалийн чухал дэд бүтэц юм. Гэвч уур амьсгалын өөрчлөлт, ган, усны горимын өөрчлөлт, газрын доройтол болон хүний үйл ажиллагааны дарамт нэмэгдэхийн хэрээр эдгээр экосистем улам эмзэг болж байгааг оролцогчид онцлов.
Мөн олон улсын байгаль орчны конвенц, үндэсний бодлого, зорилтыг орон нутагт бодитоор хэрэгжүүлэхэд шинжлэх ухаанд суурилсан мониторинг, орон нутгийн техникийн чадавх, салбар хоорондын уялдаа, тогтвортой санхүүжилт болон нутгийн иргэдийн оролцоо нэн шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэлээ.
Зэрэгцээ арга хэмжээ нь цөлжилт, газрын доройтлын асуудлыг зөвхөн хуурайшсан болон доройтсон газраар хязгаарлалгүй, хуурай газрын усны эх үүсвэр болсон гол, нуур, ус намгархаг газар, хүлэрт намгийг хамгаалах, нөхөн сэргээх асуудлыг газрын доройтлыг бууруулах болон уур амьсгалын дасан зохицох бодлогын салшгүй хэсэг болгон авч үзэх шаардлагатайг онцолсон ач холбогдолтой хэлэлцүүлэг боллоо.
Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвөөс зохион байгуулсан тус хэлэлцүүлэгт үндэсний болон олон улсын байгууллагын төлөөлөл, бодлого боловсруулагчид, судлаачид, орон нутгийн төлөөлөл оролцов.
| COP17: Ус намгархаг газрын хамгаалал, хуурай газрын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ | ||
| Үзсэн: 70 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.