Шууд Chart

Хүнсний зарим нэр төрлийн барааны үнэ огцом нэмэгджээ

2013-08-06 16:45:26

Ноён доллар нэмэх нь цахилгаан тэнцүү үнийн хэт өсөлт болох нь

Зарим нэр төрлийн хүнсний барааны үнэ өнгөрөгч долоо хоногтой харьцуулахад огцом нэмэгдсэн байна. Тухайлбал: Цагаан будаа сорт бүр нь 200-300 төгрөгөөр нэмэгдэж 1800-2200 болж,  гурил, гоймон, тос, зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн байна.

 Үндэсний статистикийн газраас өнгөрөгч долоо хоногт үнийн судалгаа явуулахад цагаан будаа 1500-1800 төрөг буюу хэвийн байна гэж байсан бол өнөөдөр “Хүчит Шонхор” болон “Нарантуул”, “Барс” зэрэг худалдааны төвүүдээр огцом нэмэгдэж 1800-2200 болсон байна. Ингэж нэмэгдэх болсон  шалтгааныг худалдаачид мэдэхгүй, цаанаасаа нэмэгдээд ирлээ. Нөөцгүй байсан болохоор бид ч үнээ нэмлээ гэж тайлбарлаж байлаа.

Үнэ нэмэгдэх шалтгаан болдог шатахууны үнэ ойрын өдрүүдэд хэвийн байхад ингэж огцом нэмэгдсэнийг долларын өсөлт болон цахилгааны үнэ нэмэгдсэнтэй холбож болох юм. Долларын ханш долоо хоногийн дотор 1511 байснаа 1542 төгрөг болж өсчихөөд байгаа.  Манайхан урд хойд хөршөөсөө будаа, гоймон, тос тэргүүтэй ихэнхи хүнсний бүтээгдэхүүнээ импортлодог. Япон, Солонгос, Малайз, Герман зэрэг улсуудаас зарим цөөн төрлийн бүтээгдэхүүн импортлож байгаа. Тэгэхээр АНУ доллараар эдгээр улсуудтай худалдаа хийдгээс өргөн хэрэглээний барааны үнэ өсөх нь гэж үзэж болохоор байна.

Харин цахилгааны үнэ аж ахуй нэгж, үйлдвэрүүдэд хүндхэн тусч байгаа. ШӨХТГ-аас талхны үнэ долоон төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж тогтоосон байгаа. Гэтэл гурилын үйлдвэрүүд гурилаа нэмж, гоймонгийнх гоймонгоо нэмэх зэргээр хөнгөн хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүний үнээ нэмэх хандлагатай байгаа юм.

Гэхдээ зөвхөн шатахуун, валют, цахилгааны ханш өссөн нь үнийн өсөлтөд нөлөөлөөд байна уу гэвэл өрөөсгөл аж. Тухайлбал ченжүүд, томоохон импортлогчид, үйлдвэрүүдээр дамжин жижиглэн худалдааных нь шат дарааллан үнээ нэмнэ. Жижиглэн худалдаачид лангууны үнэ нэмэгдвэл барааныхаа үнийг мөн л нэмдэг.   Ингэж янз бүрийн шалтаг шалтгаан тоочсоор өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт жилээс жилд байсан бол, сараас сард, хоног хоногоор хэлбэлздэг гаж тогтолцоо үүсчихээд байгаа юм. Ер нь манайх амьжиргааны түвшин доогуур хэрнээ хамгийн өндөр үнэ тогтсон улсын тоонд зүй ёсоор ордог. Энэ нь мэдээж импортоос хараат байдал нөлөөлдөг нь гарцаагүй. Гэхдээ импортлогчид гаднаас авсан бүтээгдэхүүнээ гурав дахин нугалан өндөр үнээр борлуулж, иргэдээ шулдаг байдал ч үүнд нөлөөлнө.

ШӨХТГ-аас “Хэт өндөр үнийг хязгаарлах хууль” санаачлан боловсруулж байгаа бөгөөд ирэх намар УИХ-д өргөн барих төлөвлөгөөтэй байгаа аж. Эл хууль гарахаас өмнө өргөн хэрэглээний бараа хэт өндөр түвшиндээ хүрчихэж болзошгүй байна.   
Т.Дуламжав
 


Хүнсний зарим нэр төрлийн барааны үнэ огцом нэмэгджээ  
Үзсэн: 1810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй