
Чанарын баталгаагүй орон сууцанд 20 жилийн лизинг уртдах юм биш биз
Байртай болно гэдэг айл бүрийн мөрөөдөл байсан үе саяхан. Байртай болохын тулд Солонгост ажиллахаар явж, хань ижил үр хүүхдээсээ хэд гурван жил хагацдаг байлаа. Байртай болж гал голомтоо бадрааж, ая тухтай амьдрах гэсэн биш гэр бүл салалтын бас нэг шалтгаан болж байлаа. Тэр үед байр зээлээр авна гэдэг од шиг хол сонсогдож байсан. Харин өнөөдөр ажилтай, орлоготой хэн бүхэн байртай болох боломжтой болж, лизинг гэдэг үгийн утгыг мэдэхгүй хүн ч үгүй болжээ.
Гар утас, компютер, цахилгаан барааг зээлээр авахад лангуунаас баталгаат хугацаа олгодог. Харин өнөөдөр бидний насан туршдаа үе дамжин ая тухтай амьдрах гэж буй байранд маань хэн хэдэн жилийн баталгаа олгож байна вэ? Орон сууц нэртэй хэдэн давхар барилга л байвал насаараа ая тухтай амьдрах юм шиг санаж, тэтгэвэрт гартлаа өрөнд баригдаж амьдарсаар эцэст нь байр ч биш балгас ч биш хөрөнгөтэй үлдвэл харамсалтайяа.
Сүүлийн жилүүдэд байрны эрэлт нэмэгдэхийн хэрээр чанар, үзэмжгүй орон сууцнууд машин орох зайгүй болтлоо хөглөрөх боллоо. Хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдээд барилга барьчихаж байхад гадна орчны тохижуулалт, тоглоомын талбай зэргийг яриад ч хэрэггүй биз. Харин хэдэн жил толгой хорогдох нүхтэй байх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Гэтэл иргэдийг түр байраар хангаж, нийслэл хотыг түрхэн зуур үзэмж муутай барилгуудаар шавх гэж байгаа мэт хайнга хандсаар л.... Барилгын чанар, өнгө үзэмж, гадна тохижилт, тухайн оршин суугчдын машин орох гарах зам талбай нь ачааллаа даах эсэхийг үл харгалзан баригдсаар л байна.
Чанаргүй орон сууцнууд эхнээсээ хэдхэн жил ч болоогүй байхад балгаа таниулж, оршин суугчдын уур бухимдлыг ихээхэн төрүүлсээр байгаа билээ. Цан цохиж, чийгтэх, хөгцөрч мөөгөнцөрдөх, хана цуурсан, зэрэг ноцтой зөрчлүүд томоохон хотхон, хорооллуудаас илрэх боллоо.
20 жил лизингээ төлсөөр байраа өөрийн болгож амжаагүй байтал өнөө барилга нь эдэлгээ даахаа больчихвол, өгөршиж эсвэл багахан баллын газар хөдлөлтөд нурчихвал, хариуцлагыг нь хэн хүлээх вэ?
Барилгын компаниудийн толгойг илж, бүх талаар нь дэмжлэг үзүүлж байгаа төр хариуцлагыг нь хүлээх үү?
Барилгын чанарын магадлал хийх төрийн салбар нэгж байхгүй, хариуцлага тооцохгүй. Тиймээс мөнгө олохоо нэгдүгээрт тавьсан тэд дурын хувийн компани болон хувь хүнээр аль эсвэл өөрсдөө магадлал хийчихдэг гэж байгаа. Баригдсан хойно нь мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар магадлал хийлгэсэн хуудсыг нь бусад бичиг баримт зэрэг цаасыг хараад л дүгнэдэг байх жишээтэй.
Ингэж цаасаар үнэлэгдсэн чанарын баталгаанд банкууд итгэж зээл олгож байгаа нь урт хугацааны эрсдлээ тооцоолохгүй байгаа нь харагдаж байна. Уг нь ипотекийн журмын 3.2.6-д зааснаар “банк ипотекийн зээлийн барьцаа болж байгаа орон сууцны чанар, ашиглалтын байдал, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нөхцөлтэй холбоотой нэмэлт шаардлага тавих эрхтэй байна” гэжээ. Гэтэл банкууд чанарын баталгааг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн даатгалд хамрагдсан байдлаар дүгнэж байгаа юм.
Харин даатгалын компани нь өнөө мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт тодорхойлолтоор дүгнэлтээ хийж, иргэдээс мөн л их хэмжээний мөнгө авдаг.
Барилгын компаниудын ийнхүү дур зоргоороо авирлаж, амаараа чанарын баталгаа, үнэ тогтоодог байдлын жишээ олон бий. Тухайлбал: Бүрэн цутгамал, карказ нь, тоосгоор барьсан барилга болон блокоор барьсан барилгын м2-ын үнэ адилхан байх жишээтэй. Чанаргүй барилгын материалаар барьчихаад Япон, Солонгос барилгын материалаар баригдсан гэж иргэдийг хуурч, өндөр үнээр борлуулах явдал газар авчихаад байна. Үнэхээр Япон, Солонгосын чанартай материал мөн эсэхийг тогтоох ямар ч мэргэжлийн байгууллага гэж алга байна. Ядаж барилгын материалын чанарын ялгаагаар м2-ийн үнийг нь тогтоодог байх нь шудрага өрсөлдөөнд нийцэх юм шигээ.
Мөн хуучин байрнуудын үнэ өсөөд байгаа. Гэхдээ хуучин байрнууд нь тодорхой хугацааг элээсэн учир чанарын магадлагаа, цаашид хэдэн жилийн настай вэ гэдгийг тодорхойлсон акт байх шаардлагатай. Гэтэл үүнийг тогтоох ямар ч мэргэжлийн байгууллага гэж алга. Улаанбаатар хотод актандаа гарах дөхсөн барилгууд маш их байдаг гэсэн. Ийм орон сууцыг лизингээр худалдаж аваад хугацаа нь дуусаагүй байхад актлагдчихвал яах вэ гэдэг асуудлыг хөндөх нь зүйтэй болов уу?
МХЕГ-аас шинээр баригдаж буй барилгуудад хяналт шалгалт хийж, зөрчлийг илрүүлдэг ч энэ нь олон нийтэд тэр бүр хүрээд байдаггүй. Нэгэнт алдаатай баригдсан барилга нь нураагдсан нь бас цөөхөн. Тухайн компани нь хэдэн торгууль төлөөд чанар стандарт хангаагүй барилгадаа захиалгаа авч эхэлдэг нь ч нууц биш.
Хамгийн түгээмэл илэрдэг зөрчлүүдээс дурдвал:
-Зураг төсөл, газар зүйн аюулгүй байдалд мэргэжлийн байгууллагаар магадлал хийлгээгүйн улмаас зөвшөөрөлгүй барьдаг
- Мөн газар хөдлөлтийн бүс нутагт төлөвлөх барилгын норм дүрмийг баримтлаагүй, хүн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлээгүй,
-Орон сууцны барилгын угсралтын ажлын явцад алдаа гарахад бүхэлд нь буулгаж дахин эхлүүлэх ёстой байтал зөвхөн алдаа гарсан хэсгийг нь засах гэж оролддог байна. Үүнээс болж барилгын даацын үндсэн хийцийг алдагдуулж, барилгын бат бэхийг бууруулдаг аж.
- Үндсэн бүтээцийн бетоны бат бэхийг эрх бүхий итгэмжлэгдсэн лабораториор тодорхойлуулдаггүй, бетон зуурмагийн бат бэх төсөлд заасан шаардлагыг хангахгүй байх нийтлэг зөрчил илэрчээ. Хяналт шалгалтаар барилгын зураг төслийн шаардлага хангаагүй арматур, стандарт, дулаан техникийн шаардлага хангаагүй цонх, хаалга, тоосго хэрэглэх, материал, бүтээцийг буруу хадгалснаас зэврэх, бат бэх нь буурах бат бэхээ алдах, бетон цутгалтын үед технологи мөрдөхгүй байх, цутгамал бүтээцийн бат бэх буурах, цутгалтын үед бүтээцэд нүх сүв үүсэх зэрэг зөрчлүүд түгээмэл байгааг МХЕГ-аас дүгнэсэн байна.
- Түүнчлэн хот төлөвлөлтийн журмыг огт баримталдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан орц, гарцгүй, нийт талбайн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх нөхцлийг бүрдүүлээгүй зэрэг зөрчлүүд түгээмэл байдаг аж.
Дээрх зөрчлүүдээс харахад хамгийн эрсдэлтэй нь барилгын үндсэн даацын чанар алдагдсан байдал, чанаргүй, чанартай арматурыг хольж барьдаг, чанаргүй барилгын материал хэрэглэдэг, бетон зуурмаг нь найдваргүй зэрэг болно. Эдгээр барилга газар хөдлөлт битгий хэл зүгээр байж байгаад ч нурж унаж мэдэхээр аж.
Ийм байхад өргөө цагаан гэрээсээ гарах гэж яараад яахав. Эхлээд барилгын компаниудыг хариуцлагатай, чанар эрхэмлэсэн, аюулгүй, амар тайван амьдрах баталгааг гаргуулж өгөх шаардлагатай байна.
Т.Дуламжав
Чанарын баталгаагүй орон сууцанд 20 жилийн лизинг уртдах юм биш биз | ||
Үзсэн: 3608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.