
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс “Далан давхар”-ыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар олон нийтийн сүлжээ, сайт болон гар утсаар дамжуулан иргэдийн дунд санал асуулга зохион байгууллаа. Санал асуулгад нийт 10 мянга гаруй хүн оролцсон бөгөөд оролцсон иргэдийн 85 гаруй хувь нь Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгохыг дэмжсэн байна.
Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг цэгцлэн Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг НИТХ-ын 2010 оны тогтоолоор “Орон нутгийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д хэрэгжүүлэхээр баталсан юм. Нийслэлээс санаачилж байгаа энэхүү төслөөр Далан давхар буюу “Самбалхүндэв”- ийн оршуулгын газрын 137 га газрыг цэвэрлэн, орон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн шинэчилнэ. Төслөөр “Далан давхар”-ын оршуулгын газарт гэрэлт хөшөө бүхий дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, дурсгалын цогцолбор барих, олон жил болсон шарилуудыг мэргэжлийн баг гарган чандарлаж, чандрыг суварга босгон дотор нь залахаар төлөвлөөд байгаа юм.
Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд энэ асуудлаар мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Тиймээс нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас шашны байгууллагын төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэд болон Эрүүл мэнд, Байгаль орчин, Ногоон хөгжлийн газар зэрэг байгууллагуудын төлөөллийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Хэлэлцүүлэг маргааш буюу Пүрэв гарагийн 14:00 цагт нийслэлийн Иргэний танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Далан давхарыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлаар хэлэлцүүлэг болно | ||
Үзсэн: 1063 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.