Шууд Chart

Ийм кино байдаг ч бил үү, үгүй ч бил үү

2014-11-27 10:56:38

Ийм кино байдаг бил үү, үгүй бил үү гэх яриа “Омарын эрэлд” кинонд хэд хэд давтагдах ажээ. Хомоол, Түгжил гэх хоёр нөхөр толгойдоо тирко углаад, биедээ салют бэхэлж, мөрийтэй тоглоом тоглож байгаа Арабын баян болоод нэг монгол боссыг сүрдүүлж байгаагаар кино эхэлнэ. Сүүлийн үед бүтээгдэж байгаа монгол кинонууд маань нэг иймэрхүү л эхэлдэг болжээ. Гэхдээ харамсалтай нь хэн ч тэр хоёроос айхгүй байх юм. Эцэст нь санамсаргүй байдлаас биенд нь бэхэлсэн салют дэлбэрснээр тэр хоёрын бүтэлгүйтэл үргэлжилнэ. Гэвч санасандаа хүрч цүнхтэй мөнгө авч зугтах нь тэр. Эхлээд гүйж, дараа нь унадаг дугуй “хөлөглөн” зугтаана.  

Тэдний араас олон залуус “Хаймер” машинаар хөөгөөд ч гүйцэхгүй. Энэ хэсэг хэтрүүлэгтэй гэхэд дэндүү хэтрүүлэгтэй санагдав. Зарим хэсэгт найруулагчийн ажиллагаа буюу шинэ санаа цухалзавч “Галзуу хурд” гэх киноны хэсэг бас гарна. Ингээд цааш хөөцөлдсөөр мөнгөтэй цүнх барьсан нэг нь зугтаж, нөгөө нь бүтэлгүйтэн баригдана. Энэ хэсэгт нөгөө л “мөнгө бүхнээс чухал” гэдгийг сануулж буй.

Кадр солигдоход араб дарга нь “Омар” хаана байна гээд хүн бүхнээс нэхнэ. Харин гадаадын өмнө тонголзсон монгол залуус “Амар” гэж хэн бэ гэх. Үүнд инээх юм даанч алга байлаа. Энэ уг нь инээдмийн кино юм шүү дээ. Цаашлаад өөр өөр газар болж байгаа үйл явдлыг харуулна. Цүнх хулгайлж үүрсэн нөгөө залуу зугтсаар “Шангрелла” гэх барилгын дээвэр дээр гарна. Тэнд бяцхан дэлбэрэлт болсноор цүнх доош унаж, цонх цэвэрлэгч нэг нөхрийн хүзүүн дээр тогтоно. Амьдрал дээр хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй гэмээр санамсаргүй зүйлсээр дүүрэн хорвоо л доо. Гэхдээ л кинон дээр бол байж болох хэрнээ санаанд оромгүй зүйл гарах ёстой.

Өөр нэг хэсэгт мөнгө олсон найзууд яаж мөнгөө нуух талаар ярилцаж буй хэсэг гарна. Тэр нь тун өрөвдмөөр санаатай аж. “Найман нэрийн дэлгүүр бариад шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулна” гэх зэрэг мөрөөдөл ярина. Ерөөсөө мөнгөө хадгалуулаад түлхүүрээ охиндоо хадгалуулчихаж болох юм байна гэх яриа өрнөхөд “Америкт нэг удаа” киноны ая эгшиглэж, мөнгөө сепенд хийдэг хэсгийг дууриаж гаргана. Харин ярилцсаны үндсэн дээр талбайн урд талын цэцэрлэгт мөнгөө булах гээд газар ухна. Энэ үед “Тунгалаг тамир” киноны хэсгийг хүчээр оруулж өгчээ. Тэр нь юу вэ гэхээр “Хонгор” гэх нэгэн хүү ирж танилцана. Тэд “Энэ нэг кинотой адилхан санагдахгүй байна уу” гэж нэгнээсээ асуух аж. Тэгээд л зугтацгаана. Хүчээр инээх гэхээр нэг л эвлэхгүй. Нүүр хувиргалт ч гэсэн асуудалтай харагдаж байна билээ. Жүжигчид орог саарал нүүртэй харагдана. Уг киноны давуу талууд гэж уран бүтээлчид нь ярихдаа “Киноны 80 хувийг Солонгос улсад зөвшөөрэлтөй авсан” гэж байна. Хаана авсан нь тийм ч чухал биш. Харин яаж бүтээсэн нь л чухал байгаа юм даа.

Хэлсэн ёсоор Солонгосын нисэх буудал дээр кино үргэлжилнэ. Нэгэн эмэгтэй Монгол ардын бүжгийн дээл гутлаар гангарсан гурван залууг тосно. Үүнийг хараад бас инээх ёстой байж. Уламжлалт соёлоо хүндлэх ёстой атал түүнээрээ хошигнож байна. Тэр тусмаа үүнийг бүжигчид харвал дургүй нь хүрнэ үү гэхээс инээхгүй л болов уу. Ингээд Солонгост үйл явдлын нэгээхэн хэсэг өрнөж, олон сайхан залуус амьдралын эрхэнд харийн нутгийг зорьж буй гунигт үнэнийг харуулсан нь хэнд ч нэгийг бодогдуулахаар болжээ.

Тэд сүүлдээ баригдаж буцаад нутагтаа ирэх бөгөөд энэ үед Б.Баатархүү толгойлогч нь эмнэлэгт ухаан алдсан байна. Тэрээр зургаан сар гаруй хэвтэрт байжээ. Энэ нь нөгөө л солонгос кинон дээр гардаг сэтгэл санааны “шок”  гэх оноштой. Бид ингэтлээ гадны соёлд уусаад байгаа юм биш үү. Манай Монголд бол жаахан “балайдуу” хэрнээ сайхан сэтгэлтэй хүн байдаг л даа. Хөдөө айл айлд аргал түүж өгөөд л явж байдагсан. Ядаж л нөгөө Ардын уран зохиолч Д.Цоодолын “Тэнэг” шүлгэнд гарах дүрийг бид кинонд ашиглах нь зүйтэй болов уу.

Ингээд эцэст нэгэн  өвчтөн эмнэлэгт ухаан орж алга болно. Харин түүнийг нас барсан гээд оршуулга дуусахад цонх цэвэрлэгч нөхөд мөнгөө аваад арилж өгнө. Энэ нь зохион байгуулалттай булталт буюу худлаа оршуулга байсан нь үзэгчдэд ойлгогдоно. Магадгүй энэ нь инээдмийн кино гэхээсээ илүү солонгост байгаа монголчуудын амьдралыг харуулсан кино байсан бол илүү сайхан болох байсан ч юм уу гэсэн бодол төрлөө. Бид кино хийхдээ заавал гадны киног дуурайж, их мөнгө олж эцэстээ их мөнгөтэйгээ амар сайхандаа жаргах ёсгүй шүү дээ. Яагаав нөгөө “Татар ажиллагаа”  гэх кино ч бас цүнх дүүрэн мөнгөтэй л төгсдөг.
 
Монголд “Зэрэг нэмэхийн өмнө” гэх инээдмийн киноноос хойш ийм төрлийн кино төрөөгүй гэлтэй. “Зөрүүд эрийг номхотгосон нь” гэх инээдмийн киногоор жишээ авч нэгэн санааг дэвшүүлж болох юм л даа. Тэр кинонд усан үзмэн дээр хөлөөрөө бүжнэ. Энэ нь бидний хувьд бохир, заваан гэх сэтгэгдэл төрүүлнэ. Учир нь монголчууд идэж, уух хүнсэн дээрээ гишгэх байтугай гутлаа ч хоймортоо залдаггүй соёлтой. Харин тэр улс үндэстнүүдийн хувьд бол соёл нь ажээ. Ингээд бид тэдний бүтээсэн киноноос улсынх нь соёлыг мэдэж болж байна. Тэгвэл бид кинонууддаа яагаад өөрийнхөө соёл, заншлаа оруулдаггүй. Дээр нь соёлоо үгүйсгэж байгаа мэт шоолж, шохоорхох болов. Үүнд л эмзэглэл төрлөө. “Омарын эрэлд” кино зураг авалтын хувьд үнэхээр сонин, содон болсон боловч киноны гол амин сүнс болох зохиол нь мэргэжлийн түвшинд яригдах болоогүй мэт. Арга ч үгүй дээ. Манайд одоо мэргэжлийн зохиолч ховор, байсан ч тэднээсээ худалдаж авах, үнэлэх үнэлэмж нь дутуу л байна. Эцэст нь хэлэхэд,  “Ийм кино байдаг ч бил үү, үгүй ч бил үү” гэдэг асуултад эрхэм мэргэн үзэгч та хариулаарай.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Ийм кино байдаг ч бил үү, үгүй ч бил үү   
Үзсэн: 12069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-01-13 14:31
энэ "кино" гэдэг ангилалд багтахгүй бөөлжис цутгам мөнгө луйвардсан хэдэн хүмүүсийн тэнэглэл
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-12-30 17:58
Кино муу байсан гэхдээ энэ шүүмж юмуу үзэгчийн сэтгэгдэл юмуу энэ бүр муу болжээ хэхэ. Хаммераар хөөгөөгүй Wrangler jeep байсан бас Shangrilla биш Central Tower энэ мэт жижигхэн алдаа ийм кино шүүмж маягийн юмыг шууд доош нь татдаг цаашид анхаараарай амжилт
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-12-22 13:05
Энэ 2 өөрсдийгөө хүн инээлгээд байна гэж бодоод бгаам байхдаа
202.126.90.xxx [202.126.90.xxx] 2014-12-12 12:31
iimerhvv bolhoor vzhees durgvi hvrmeer sain kino hiih aaviin hvv alguu
124.158.92.xxx [124.158.92.xxx] 2014-12-04 09:35
Kino zohiol mash chuhal shuu dee zugeer l hoorondoo yarij bgaad kino hiichihdeg bolson yum bish uu
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-30 16:43
Иймэрхүү хогийн кино хийж мөнгө үрж байхаар нэг жижигхэн цэцэрлэг барьж өгдөгсөн бол өрөөлд тус өөрзт нь буян шүү дээ.
88.172.210.xxx [88.172.210.xxx] 2014-11-28 17:53
ugiin mangar batsaanuud shuu dee
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2014-11-28 16:24
Манай марзангууд солонгосын савангын дуурь 2 модонд гарч хаданд авирдаг цаг иржээ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-27 20:48
манай шинэ монгол кино гэдэг нь хогийн саван доторхи тамхиний иш ёзоор гэсэн үг

Бидэнтэй нэгдээрэй