Шууд Chart

УИХ-ын дарга З.Энхболд “Монголын ардчилсан хувьсгал-25” хуралд оролцов

2014-12-05 10:58:52

“Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр төрийн ордонд болж байна. Энэхүү хуралд Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд оролцож үг хэллээ. Тэрбээр эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн хүмүүст Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд хүргээд, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байгаа Улс төрийн боловсролын академи, Монголын Ардчилсан холбоонд талархаж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн хорин тавхан жилийн дотор тайван замаар ардчилалд шилжиж, өөрийн онцлогт тохирсон ардчиллыг хөгжүүлэн, ижил гараанаас эхэлсэн бусад оронд үлгэр жишээ болохуйц амжилтад хүрсэн. Тиймээс Монгол Улс Ардчилсан орнуудын Хамтын нийгэмлэгийг 2011-2013 оны хооронд даргаллаа. Энэ бол бидний ололт амжилт юм. Шинэ Үндсэн хуулиа баталж, хүний суурь эрх, нийгэм, улс төр, эдийн засгийн чөлөөт байдлыг тунхагласанаар 1990 оны өмнөх монгол хүн цоо шинэ үнэлэмжтэй болж чадсандаа монгол хүн бүр бахархдаг. Ардчилсан хувьсгалын ач тус, гүйцэтгэсэн түүхэн үүргийг зохиомлоор үгүйсгэх, эсвэл хэт дөвийлгөх нь шинжлэх ухаанч бус хандлага юм. Иймд ардчиллын үнэт зүйл, түүхэн үүрэг, ололт амжилтыг зөв тодорхойлж, судлахад энэхүү бага хурал чухал үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна хэмээн онцлон тэмдэглэлээ. “Монголын ардчилсан хувьсгал-25” эрдэм шинжилгээний хуралд “Монголын ардчилал ба ардчиллах үйл явц” сэдвээр Төрийн соёрхолт нийтлэлч Б.Батбаяр, “Ардчилал ба улс төрийн хөгжил-тоон хэлээр” сэдвээр Улс төрийн боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганбат, “Ардчиллын үнэт зүйлс, өөрчлөлт, төлөвшил” сэдвээр Сант Марал төвийн захирал Л.Сумати, “Ардчилал ба Үндсэн хуульт ёсны хөгжил” сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, “Монголын залуучуудын ардчиллын ойлголт, төсөөлөлд гарсан өөрчлөлт” сэдвээр ФСЭХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач О.Хатанболд нар тус тус илтгэл тавина гэнэ.  


УИХ-ын дарга З.Энхболд “Монголын ардчилсан хувьсгал-25” хуралд оролцов  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй