
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэллээ. Дараа нь хууль санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуульд орж байгаа өөрчлөлтийн талаар танилцуулсан юм. Тухайлбал, хуулийн 19-р зүйлийн 5 дахь хэсэгт олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлж байгаа уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн нийт агуулгын 60 хувиас доошгүй нь, хүүхдэд зориулсан уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлгийн 70 хувиас доошгүй нь үндэсний нэвтрүүлэг байна гэж заажээ. Мөн хуулийн төслийг боловсруулахдаа Франц, Бельги зэрэг улс орнуудын туршлагыг судалсан тухай хууль санаачлагч танилцуулав. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн талаар саналаа хэлж, хуулийн төсөлд өөрчлөлт оруулан батлах хэрэгтэй гэдгийг оролцогчдын олонх нь хэлж байлаа. Хэлэлцүүлэгт хэвлэл, мэдээллийн байгууллага, кино, урлагийн салбарт ажиллаж байгаа уран бүтээлчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо солилцсон юм.
“Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн зохицуулалт, хэрэгжилт” хэлэлцүүлэг болов | ||
Үзсэн: 790 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.