
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд нар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний талаар Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, “1990 оны Ардчилсан хувьсгалын дараа Үндсэн хуулиа шинээр батлах үйл явц эхэлж, Үндсэн хуулийн төслийг Монголын нийт ард түмнээр хоёр удаа, Улсын Бага Хурлаар дөрвөн удаа, БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар 76 хоног хэлэлцэн баталсан нь түүхэнд тэмдэглэгдэх амжилт билээ.
БНМАУ-ын Ардын Их Хурал 1992 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдөр тэмдэглэж байхаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг энэ жил улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна” гэж хэллээ.
Мөн тэрбээр Төрийн ордонтой танилцах цахим аяллын веб хувилбар бэлэн болоод байгааг сэтгүүлчдэд дуулгалаа. Англи, монгол тайлбартай цахим аяллаар дамжин иргэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болоод бусад танхимууд, Төрийн ордон дахь түүхийн дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын өрөө тасалгаа, үе, үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зурагтай танилцах боломжтой болсныг дуулгасан юм.
Судалгаа, шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй, томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжих зорилгоор УИХ-аас төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагналыг бий болгосон билээ. Шалгаруулалтад ирсэн бүтээлүүдээс шилдгийг тодруулах ажлын хэсэгт нэр хүнд бүхий зургаан эрдэмтэн оролцож ажилласан бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл шагналыг эзнийг тодруулан Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөр буюу нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00 цагт Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд шагналыг гардуулах аж. Үндсэн хуулийн өдрөөр Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдөрт зориулсан бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Үндсэн хуулийн өдрийг улс орон даяар тэмдэглэнэ | ||
Үзсэн: 1145 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.