Шууд Chart

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

2015-01-12 11:58:06

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 02 дахь дугаар хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 07 дугаар дүгнэлтийн тухай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай, Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай, Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох, чөлөөлөх тухай, Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Хүүхдийн спортын Ү их наадам зохион байгуулах тухай Засгийн газрын тогтоолоор, энэ наадмыг 2015 онд орон даяар зохион байгуулахыг холбогдох албан тушаалтан нарт даалгажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Санхүүжилт олгох тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Үүгээр, экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрлэл болон жижиг, дунд үйлдвэрийн 2 тэрбум төгрөгөөс илүүгүй санхүүжилт хүссэн төслийн эх үүсвэрт шаардагдах 37.4 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эргэн төлөлтөөс төвлөрүүлсэн хөрөнгөөс холбогдох хууль тогтоомж, “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгох журам”-ын дагуу санхүүжүүлэхийг холбогдох албан тушаалтанд зөвшөөрсөн байна.

“Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ыг Засгийн газрын тогтоолоор баталсан байна. Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах, бүртгүүлэх үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршиж байна.

Дээрх тогтоолоор, Инновацийн төсөл хэрэгжүүлэх хугацаа 3 хүртэл жил байх бөгөөд төслийг хэрхэн бүртгүүлэх, гарааны компани хэрхэн байгуулах, түүний үйл ажиллагааг дуусгавар болгох зэрэг асуудлыг журамласан байна.

Эмхэтгэлд нийтлэгдсэн “Журам батлах тухай” Засгийн газрын тогтоолоор, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоожээ.

Энэ тогтоолын хавсралтаар, мэдээллийг олон нийтэд түгээхэд баримтлах зарчим, төрийн байгууллага, албан газрын тавих мэдээллийн агуулга, хэлбэрийг тогтоож өгсөн байх бөгөөд төсвийн гүйцэтгэлийг батлагдсан төсвийн төлөвлөгөөтэй харьцуулсан харьцуулалт, хөрөнгийн зардал, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, концессын зүйлийн зарлага, санхүүжилт, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого, тэдгээрийн задаргаа, өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогоос давсан хэсгийг урамшуулахад зарцуулсан тайлан, хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалт, тендерийн ерөнхий мэдээлэл, 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий худалдан авсан бараа, ажил үйлчилгээний нэр, санхүүжилтийн хэмжээ, нийлүүлэгчийн нэр, хаяг, цалингийн зардлаас бусад 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээ, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн ашиглалтын мэдээ зэрэгт тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоолын хавсралтаар тус тус баталжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодорхойлох, алдаршуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв. Үүгээр Монгол Улсын гурван сая дахь иргэнийг шагнах, түүний чацуутнуудад тэтгэмж олгох, нийтэд алдаршуулах арга хэмжээний зардлыг хавсралтаар тогтоож өгсөн байна.

Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70.0 сая хүртэл төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад 3.0 сая төгрөгийн 1 удаагийн тэтгэмж олгон, нийтэд алдаршуулах арга хэмжээ авна.


"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй