Шууд Chart

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй

2015-01-14 13:57:04

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Д.Дэмбэрэл, Д.Бат-Эрдэнэ, Сү.Батболд, С.Оюун нар Сангийн яамны ажлын хэсэг болон Батлан хамгаалах, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагуудаас асуулт асууж тодруулав.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар зэвсэгт хүчний албан хаагчид нь эх орны тушаалаар явдаг, гэр бүл нь ажил хийх боломж хомс, ахуй амьдрал нь хохирдог гээд бусад байгууллагаас их онцлогтой салбар. Нийт бие бүрэлдэхүүний 60-70 хувь нь 45 нас хүрээд тэтгэвэрт гардаг ахлагч нар байдаг. Энэ жилийн тухайд манай салбараас 170-аад хүн тэтгэвэрт гарахаар өргөдлөө өгсөн. Үүнд нийтдээ 4 тэрбум төгрөг шаардлагатай атал Сангийн яам 2.5 тэрбумыг тусгаж өгсөн. Гэтэл энэ хуульд өөрчлөлт орох яриа гарсан тул одоогоор 650 гаруй албан хаагч тэтгэвэрт гарах өргөдлөө өгөөд байна. Иймээс хуулийг хэвээр нь мөрдвөл хэрэгтэй байна гэлээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Лхачинжав, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нар ч хуулийг хэвээр нь мөрдөх саналтай байгаагаа хэллээ.

Хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан төрийн хууль тогтоомж тогтвортой мөрдөгдөж байх учиртай, хүндрэл бэрхшээл гэсэн түр зуурын асуудалд автаад байх нь зохисгүй. Асуудлыг цэгцлэх нь зөв ч төрийн тусгай албаны онцлогийг харгалзаж үзэх хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Цог улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнолын асуудлыг анхаарах зайлшгүй шаардлагын үүднээс энэ хуулийн төслийг буцаах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд бодлогын алдаатай хуулийн төсөл орж ирсэн тул дэмжих боломжгүй гэдгээ хэлсэн юм. Иймээс Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих боломжгүй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон 16 гишүүний 15 нь буюу 93.8 хувь нь дэмжлээ. Энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.


Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэнгүй   
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй