
Төрийн Өмчийн Хорооны дарга Д.Цогтбаатар өнөөдөр өөрийн эрхэлсэн салбар хүрээнд үүсээд байгаа зарим нэг нөхцөл байдлын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллийг тоймлон хүргэж байна.
Дашрамд өгүүлэхэд, төрийн өмчийн оролцоотой 14 компанийн нийт алдагдал нь нийлээд 50 гаруй тэрбум төгрөгт хүрсэн аж. Энэ нь 7 эмнэлэг, 30 орчим цэцэрлэг, 25 сургууль барих хэмжээний мөнгө юм байна.
Төрийн өмчийн компаниудаас хамгийн их алдагдалтай ажилладаг нь эрчим хүчний салбарынхан. Тухайлбал ДЦС-3 гэхэд өнгөрсөн онд 8.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол ДЦС-4 8.0 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байгаа юм. Түүнчлэн тэрбумаар тооцогдох алдагдалтай байгаа 14 компанийн хамгийн бага нь “Монсам” ХХК нэг тэрбум төгрөг байна. Түүнчлэн Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар “Төрийн өмчит компанид ажиллаж буй хүмүүс өөрийгөө дөрвөн жилээр томилогдсон гэж битгий ойлгоосой. Нэг жилээр томилогдсон гэж ойлгон энэ хугацаанд тухайн компанийг ашигтай ажиллах менежментийг хийх ёстой юм. Хэрэв хийж чадахгүй бол өөрөө огцордог тогтолцоо манай нийгэмд хэрэгтэй байна. Улс төрийн соёлыг бий болгож, хариуцлагаа өөрөө хүлээх чадвартай байх нь чухал. Гэтэл манайд онгоц уначихаад байхад салбарын сайд нь огцордоггүй. Гүрийгээд л яваад байдаг сэтгэлгээгээ болих хэрэгтэй. Гадны сайд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж улс нь хүнд байдалд ороход “ард түмнийхээ өмнөөс биелүүлж чадаагүй үүргийнхээ төлөө хариуцлага хүлээж байна” хэмээн огцордог. Манай улс ийм байдлыг компаниудын захирлуудаас эхлэн шинэчлэл хийх хэрэгтэй. Ийм байдлыг бий болгохын төлөө Төрийн өмчийн хорооны одоогийн удирдлагууд ажиллах болно” гэв.
-Хамгийн их алдагдалтай компани нь эрчим хүчний компаниуд байдаг. Эрчим хүчний үнэ тарифын асуудал бий. Мөн хоорондоо өрийн сүлжээ үүсээд байгаад менежмент хийж, үнийг нь өөрчилж, асуудлыг нь шийдвэрлэсэн. Тэгэхээр алдагдалтай ажиллаад байгаад нөлөөлөх байх. Түүнчлэн компаниудыг үргүй зардал гаргах байдлыг өөрчилье гэж байгаа юм. Үүний тулд бид дотоод нөөц бололцоогоо ашиглана. Энэ бол хамгийн чухал. Хүний нөөц, санхүүгийн, биет болон мэдээллийн нөөцийг ашиглан зөв удирдлагаар хангаж ажиллахаар зорьж байна.
-Түүнчлэн гадуур хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр янз бүрийн мэдээлэл цацагдаж байгаа. Би ч, бид ч гэлтгүй Ж.Батхүүтэй холбоотой мэдээллийн талаар та нарын нэгэн адил мэдээлэлтэй байгаа. Шүүх, хуулийн байгууллагаар тогтоогоогүй байхад бидний зүгээс тэр хувь хүний талаар дүгнэж хэлэх нь зохимжгүй. Харин ч гаднаас “Стандарт” банкны зүгээс “Танайхан барьцаандаа “Эрдэнэт” үйлдвэр, төмөр замыг тавьсан” гэдгийг хэлж байгаа. Тэгээд ч Ш.Батхүүгийн хувьд “Би хуурамч бичиг баримт бүрдүүлсэн” гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн. Тиймээс ТӨХ хуулийн байгууллагаар асуудлыг шийдээгүй байхад түүнийг буруутгах ёсгүй.
-Ер нь Төрийн өмчийг дур зоргоороо барьцаалах үр дагавар мэр сэр гарлаа. Хэн нэгэн хувь хүн төрийн өмчийг барьцаалах ямар ч боломжгүй.
-Цаашид бидний зүгээс төрийн өмчийг ашигтай ажиллуулах, ийм байдлыг өөрчлөхөөр ажиллаж байна гэв.
Д.ЦОГТБААТАР: Төрийн өмчийг ашигтай ажиллуулахаар бид ажиллаж байна | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.