УИХ-ын дарга З.Энхболд БНПУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд тус улсын Сеймийн Маршал Родаслав Шикорскитой уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд БНПУ-ын Сеймийн Маршал Родаслав Шикорски УИХ-ын дарга урилгыг хүлээн авч, БНПУ-д албан ёсны айлчлал хийж буйд талархал илэрхийлэв. Мөн тэрээр хэлэхдээ, Монгол Улс Ардчиллын замаар замнаад 25 жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд хүрсэн хөгжлийн түвшнийг Польшийн Сеймийн зүгээс өндрөөр үнэлж байна. Хоёр орны харилцаа олон салбарт хөгжиж байна. Тэр дундаа парламент хоорондын харилцааны өнөөдөр хүрсэн түвшинд сэтгэл хангалуун байдаг. Цаашид улс төрийн бат бөх харилцаанд үндэслэсэн эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх сонирхол байгааг дуулгав. Мөн өчигдөр Тунисд болсон халдлагын үеэр Польшийн хоёр иргэн амь насаа алдсан эмгэнэлт үйл явдал тохиосныг уулзалтын үеэр дурдав.
УИХ-ын дарга З.Энхболд, Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойгоор энэхүү айлчлал тохиож байна. БНПУ-ын Сеймийн зүгээс хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцаанд чухал үндсийг тавьж байдаг. Польшийн Сеймийн Тамгын газартай Монгол Улсын Их Хурлын Тамгын газар уламжлалт харилцаатай. Айлчлалын үеэр өнөөдөр Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны протоколд Тамгын газрын удирдлагууд шинэчлэн гарын үсэг зурж байна.
Монгол Улс Европын холбоотой 2013 онд байгуулсан “Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийг соёрхон баталсанд талархал илэрхийлье. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хамтарсан комисс чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд анхдугаар хурлын үеэр тохиролцсон ажлыг хэрэгжүүлэх нь чухал байна. Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Нүүрснээс хий, шингэн түлш гаргах ажлыг эрчимжүүлж, шатдаг занар, нүүрсний химийн үйлдвэрийг хөгжүүлэх, судалгааг хийх”-ээр тусгагдсан. Энэ хүрээнд АНУ-ын “Жени Ойл Монгол” компанитай шатдаг занарын туршилтын үйлдвэр барихаар төлөвлөгдөж байна. БНПУ нь шатдаг занар боловсруулах талаар ихээхэн туршлагатай тул энэ чиглэлээр Польш Улсын хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцах, Польшийн талтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ. Мөн тэд шатдаг занар боловсруулахтай холбогдсон Польшийн хууль тогтоомжийн талаар санал солилцов.
Мөн 2022 онд болох НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сонгуульд Бүгд Найрамдах Польш Улс Монгол Улсыг дэмжихээ илэрхийлсэнд талархаж байна. Монгол Улс 2016 онд АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар ажиллаж байгааг мэдэгдэж, Польшийн талаас энэхүү арга хэмжээнд дээд, өндөр түвшинд оролцоно гэдэгт найдаж байна. 2015 оны 09 дүгээр сард ЕАБХАБ-ын парламентын Ассамблейн намрын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулна гээд, энэхүү хуралд Польшийн парламентаас өндөр хэмжээнд төлөөлөгчид оролцуулахыг урилаа. Мөн Тунисд болсон гэмт халдлагын үеэр гэм зэмгүй олон иргэн амь насаа алдсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.