Шууд Chart

Ариана Гранде уран бүтээлийн завсарлага авна

2026-08-04 12:21:32

Грэммийн хоёр удаагийн шагналт, дэлхийн поп хөгжмийн нэрт дуучин, жүжигчин Ариана Гранде Лондонд 2027 онд тайзнаа тавигдах "Жоржтой хамт цэцэрлэгт хүрээлэнд өнгөрүүлэх ням гараг" ("Sunday in the Park with George") мюзиклд тоглохоо цуцалж, уран бүтээлээ түр завсарлахаар болсноо мэдэгджээ.

Тэрээр тус мюзиклийн гол дүрд жүжигчин Жонатан Бэйлитэй хамт тоглохоор төлөвлөж байсан ч төслөөс гарсантай холбоотойгоор продюсерууд орлох жүжигчнийг дараа нь зарлахаар болсон байна.

Ариана Грандегийн төлөөлөгчийн мэдээлснээр дуучин "Итэрнэл Саншайн" аялан тоглолтоо ирэх есдүгээр сарын 1-нд өндөрлүүлсний дараа хэсэг хугацаанд амарч, олны өмнөх үйл ажиллагаагаа түр хязгаарлах аж.

Сүүлийн саруудад түүний эрүүл мэндийн байдал, хувийн амьдралтай холбоотой мэдээлэл, шүүмжлэл олон нийтийн анхаарлын төвд байсан бөгөөд энэ нь завсарлага авах шийдвэрт нь нөлөөлсөн гэж хэвлэлүүд мэдээлжээ.

33 настай Ариана Гранде нь орчин үеийн поп хөгжмийн хамгийн нөлөө бүхий уран бүтээлчдийн нэг юм. Тэрээр Грэммийн хоёр удаагийн шагналын эзэн бөгөөд Биллбордын "Хот 100" жагсаалтыг олон удаа тэргүүлсэн уран бүтээлүүдтэй. Мөн өнгөрсөн онд нээлтээ хийсэн "Викед" кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчний ур чадвараа дахин нотолж, олон улсын кино урлагийн нэр хүндтэй шагналуудад нэр дэвшсэн билээ.

Төлөөлөгчийнх нь онцолсноор энэ нь уран бүтээлээ бүрмөсөн орхиж буй хэрэг биш бөгөөд аялан тоглолтоо дуусгасны дараах богино хугацааны завсарлага юм. Ариана Гранде өмнө нь ч хүмүүсийг бусдын гадаад төрх, биеийн жингээр дүгнэхгүй байхыг олон нийтэд уриалж байсан юм.


Ариана Гранде уран бүтээлийн завсарлага авна  
Үзсэн: 51 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй