Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-04-11 07:57:00

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


УИХ-ын 2015 оны ээлжит хаврын чуулган нээлтээ хийлээ. Чуулганыг нээж  УИХ-ын дарга З.Энхболд  үг хэлсэн юм. Тэрбээр чуулганы индэр дээрээс улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд хүн бүр идэвхи, санаачлагатай байхыг уриалаад хөрш орнууд болон гуравдагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх,  эрдэс баялгийнхаа экспортын хэмжээг нэмэгдүүлэх  талаар Засгийн газар  анхаарч ажиллах хэрэгтэй гэв. Хаврын чуулганы нээлтийн талаар дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Олны анхаарал татсан бас нэгэн асуудал бол Тавантолгойн хөрөнгө оруулагчтай Монгол Улсын Засгийн газрын хийж буй гэрээ байлаа. Маргаан дагуулсан энэ асуудлаар УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2015 оны хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Тавантолгойн ордыг ашиглах талаар явагдаж байгаа хэлэлцээр нь УИХ-ын 2012 оны 37 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг зөрчиж байна" хэмээн буруутгаад "УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно гэдгийг мэдэгдье” гэсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын III багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа өнгөрөгч сарын 30-ны өдөр таван ихэр ишиг гаргасан байна. Энэхүү ямаа сүүлийн хоёр жил дараалан таван ихэр ишиг гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сарын 8-нд мөн ихэрлэж байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдааны дараа  өнгөрсөн даваа гарагт Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Нүүрсний салбарын хөрөнгө оруулагчдын "Coal Mongolia -2015" чуулга уулзалт энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус чуулган нь Монгол Улсад хэрэгжүүлж буй нүүрсний хайгуул, олборлолт, боловсруулалтын төслүүдэд хөрөнгө оруулалт татах, байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэт  техник, технологи нэвтрүүлэх, олон улсын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж Азийн бүс нутагт Монгол Улсын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор манай улсад тав дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа юм.

Энэ удаагийн "Coal Mongolia-2015" чуулганд Монгол Улсын Засгийн газар, хайгуул, олборлолтын компаниуд, хөрөнгө оруулалтын сан, банк, санхүүгийн байгууллагууд, инженеринг консалтингийн компаниуд, ханган нийлүүлэгчид, мэргэжлийн холбоод болон АНУ, ОХУ, БНХАУ, Канад, Австрали, Япон, Энэтхэг зэрэг 100 гаруй орны төлөөлөгч хүрэлцэн ирж оролцов. Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг тус  чуулганд оролцогсдод илгээлт ирүүлсэн. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.


Монгол Улсын Ерөнхихйлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гарагийн УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Төрийн тэргүүний хувьд 2009 оноос хойш хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа. Тэрээр ажлынхаа тайланг "Иргэдийн оролцоо, орон нутгийн эрхийг нэмэгдүүлэх, Үндэсний аюулгүй байдлыг хангах, төрийн цэргийн бодлогыг хэрэгжүүлэх, Хууль, шударга ёсыг бэхжүүлэх, хуулийн засаглалтай улс болох, Монгол монголоо дэмжих, бүтээгчдээ дэмжих бодлого, Хүрээлэн байгаа орчин, байгальд ээлтэй хөгжлийн чиглэл, монгол хүн, Монголын түүх, уламжлал, соёл, ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх, түгээх, дэмжих, Гадаад бодлого буюу Монгол Улсын олон улсын нэр хүндийг өсгөх, Бусад буюу олон нийтээс гарсан санал, санаачлагыг цаашид хэрэгжүүлж ажиллах нь" гэсэн 9 чиглэлээр танилцуулсан юм. Түүний хэлсэн үгийг ЭНДЭЭС бүрэн эхээр нь сонсоно уу.


Ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаарх мэдээллийг хүргэж байна. Дөрөвдүгээр сарын 11-нд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас, 13-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун болон төвийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 11,12-нд зарим газраар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Эгь-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Онон голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говь, талын нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 14-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Нийтэлсэн: М.Тодбэх

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна   
Үзсэн: 4770 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй