Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-05-16 08:00:00

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Монгол Улсад төрийн айлчлал тавдугаар сарын 11-ний даваа гарагт албан ёсоор эхэлсэн. Тэр өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийг Чингисийн талбайд албан ёсоор угтаж авлаа. Харин үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, улмаар Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм.

Мөн Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг нар Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевт бараалхсан.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд өнөөдөр “Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг "Монгол-Болгарын бизнес, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ технологийг нутагшуулах, шинэ зах зээл рүү гарах та бүхний хичээл зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар бүхий л талаар дэмжиж ажиллана" гэж форумын үеэр онцолж хэллээ. Тус форумд Болгар Улсын 25, Монгол Улсын 60 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийсэн төрийн айлчлал тавдугаар сарын 13-нд өндөрлөв. Түүнийг Олон улсын нисэх онгоцны “Чингис хаан” буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНБУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав, Гадаад хэргийн яамны Европ, Америкийн газрын захирал Б.Чулуунхүү, албаны бусад хүмүүс үдэж мордууллаа.


Москва хотноо Улаан талбайд болсон  дайны ялалтын 70 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцоод ирсэн 75 алба хаагчдад тавдугаар сарын 13-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ. Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...


 

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна. Энэ долоо хоногт Улаанбурханы эсрэг вакциныг хуваарийн дагуу орон нутагт хүргүүлж, нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах сургалтууд эхэлсэн байна.

Энэ сарын 15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сартайгаас 5 нас 11 сар хүртэлх насны (370 мянга орчим)  бүх хүүхдэд улаанбурханы нэмэлт дархлаажуулалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Иймд эцэг, эхчүүд, холбогдох байгууллагууд энэхүү дархлаажуулалтын 10 хоногийн арга хэмжээнд ач холбогдол өгч, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулахад анхаарахыг ХӨСҮТ-өөс уриаллаа.


Энэ оны  эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 12 хүүхэд нас барсны тав нь нийслэлд, долоо нь хөдөө орон нутагт осолдож, амь насаа алдсан байна. Зам тээврийн осолд өртөж буй хүүхдүүд нь ихэвчлэн ээж, аав, харгалзан яваа хүнтэйгээ тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ зориулалтын суудал, хамгаалалтын бүс хэрэглээгүйн улмаас хохирогч болж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хүүхдийг урд суудалд суулгах нь ослын үед хүнд гэмтэх, амь насаа алдах хамгийн том шалтгаан болдог. Эцэг, эхчүүд хүүхдээ өвөр дээрээ аваад урд суудалд суух, машины цонхоор толгой, гарыг нь гаргаж явж байгаа нь хүүхдээ зориуд эрсдэлд оруулж байгаа үйлдэл юм.

Мөн хүүхэд багачууд явганаар замын хөдөлгөөнд хараа хяналтгүй оролцох үедээ осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь шууд томчууд бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Иймд та хүүхдээ хайрладаг л бол тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ арын суудалд, хамгаалалтын бүс хэрэглэн суулгаж, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, өөрөө замын хөдөлгөөний дүрмийг баримталж зөв үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна.


Яргуй идсэн бор гөрөөсний цус уух нэрээр хууль бусаар ан хийхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар анхааруулж байна. Тус газрын байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж эхэллээ. Мөн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авалгүйгээр бор гөрөөс агнасан, барьсан тухай мэдээллийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 1800-1286, ажлын 263065 дугаарын утсаар хүлээн авч байна. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Азийн авъяастнуудыг тодруулдаг "Asia's Got Talent" шоу нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт өчигдөр болж өнгөрлөө. Тус шоуны эцсийн шатад Монгол Улсаа төлөөлөн оролцож байсан “Хөсөгтөн” хамтлагын залуус дэд байрт шалгарч, улс орныхоо нэрийг дэлхийн урлагийн тайзнаа дуудуулж чадсан юм.

“Хөсөгтөн” хамтлагийн хувьд "Asia's Got Talent" шоунд морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон аж.

Дашрамд дурдхад тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авсан юм.


“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ хамтран “Эрүүл иргэн – Эко хөгжил II” аялал, амралт, зугаалгын хөтөлбөрийг 2 дахь жилдээ энэ сарын 16-ны өдөр буюу бямба гарагаас эхлэн энэ оны есдүгээр сарын 19 хүртэл амралтын өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.

Тус хөтөлбөр нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагийг эрүүл агаарт зөв боловсон өнгөрүүлэх, спортоор дамжуулан бие бялдар, зан төлөвшлийн өв тэгш хүмүүжлийг олгох, Монгол ахуй соёлоо сурталчлах, эко тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйг энгийн хэрэглээнд нэвтрүүлэх, дугуйн зам, маршрутыг нэмэгдүүлэх зорилготой юм.


 

Ирэх амралтын өдрүүдэд цаг агаар ямар байх талаар товч мэдээллийг хүргэж байна. Тавдугаар сарын 16-нд баруун болон төвийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, цас орно. Салхи 16-нд зарим газраар секундэд 12-14 метр, 17-нд зарим газраар, 18-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн зүгийн нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
 

Нийтэлсэн: М.Тодбэх

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-16 19:43
Онцлож байна биш онцолж байна гээд биччихээч Ичихэд яанаа

Бидэнтэй нэгдээрэй