Шууд Chart

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

2015-05-23 08:27:00

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.


2015 оны тавдугаар сарын 19-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулганыг “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгууллаа. Чуулганд дотоод, гадаадын 23 орны бодлого боловсруулагч, судлаач, эрдэмтэн, шийдвэр гаргах түвшний нийт 600 орчим зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцов.

Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий чуулган эхний өдөр Төрийн ордонд нээлтээ хийсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж чуулганыг нээж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...

Үүний дараа Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблей Чингис, Корпорэйт зочид буудлуудад “Боловсрол, Хөдөлмөр эрхлэлт, Тогтвортой хөгжлийн зорилтуудад залуучуудын оролцоо, Залуучуудын талаар бодлого хөтөлбөр ба тогтвортой хөгжлийн зорилтууд, Азийн залуучуудын зөвлөлийн Ерөнхий Ассамблей, Эрүүл мэнд, жендэр гэх сэдвийн хүрээнд хуралдлаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ажлын айлчлал хийлээ. Япон улсад хийсэн түүний айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны  хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...


Тус айлчлалын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Ази тив 2015 oноос чинагш: Өнө мөнхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлд” сэдэвт “Азийн ирээдүй” олон улсын 21-р чуулганд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү...


Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Арабын Нэгдсэн Эмират улсад хийж буй ажлын айлчлал эхэллээ. Дубай хотноо ирсэн өдрөө “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг баталж гарын үсэг  зурах ёслол"-д оролцож, дараа нь Монгол-Эмиратын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад оролцож үг хэлсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа.

Тэрээр өнгөрсөн пүрэв гарагт АНЭУ-д хийсэн ажлын айлчлалаа өндөрлөн эх орондоо ирлээ. Чингис хаан олон улсын нисэх буудалд болсон хэвлэлийн бага хурлын эхэнд Ерөнхий сайд “Арабын Нэгдсэн Эмират Улсад хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирлээ. Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжүүлтийн төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурлаа. Улаанбаатар хот, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубайд дууссан. Дэлхийн санхүү, эдийн засгийн том төв Дубайд Оюутолгойн төсөл үргэлжлэх шийдвэр гарсан нь олон улсад хурдтай цацагдлаа” гэж хэллээ. Түүний хийсэн мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хурал 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд боллоо. Хурлаар Үндэсний их баяр наадмын салбар хороодын ажлын төлөвлөгөөг баталлаа.

Баяр наадмын үеэр буюу долдугаар сарын 4-15-нд урлаг соёлын 16 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөснөө БСШУЯ-ны дэд сайд, Соёл урлагийн салбар хорооны дарга Я.Төмөрбаатар танилцууллаа. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


“АСЕМ: Монгол Улс – Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал өнгөрсөн баасан гарагт Корпорейт зочид буудалд боллоо. Хурлыг нээж Эрчим хүчний сайд Д.Зоригт, АСЕМ-ын Элчин сайд, Ази Европын сангийн гүйцэтгэх захирал Ян Зан нар үг хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Өнгөрсөн долоо хоногт Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөл болон тус холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржийг огцрохыг шаардан  Чөлөөт бөхийн холбооны зарим багш, дасгалжуулагч хэвлэлийн хурал хийлгэсэн билээ. Тэгвэл өнөөдөр МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж тэргүүтэй хүмүүс “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах “Түр хороо”-ны шаардах хуудаст хариу өгч, хэвлэлийн хурал хийсэн юм. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байна. Иймээс техникийн гэрчилгээгүй мотоцикль худалдан авахгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар иргэдэд анхааруулж байна. 2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байжээ. Энэ талдаархи дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


Ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв байдал ямар байх талаар мэдээлж байна. Тавдугаар сарын 23-нд Хөвсгөлийн уулсаар, 24, 26-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн нутгийн зарим, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи 23-25-нд зарим газраар, 26-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 24, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Нийтэлсэн: М.Тодбэх

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна  
Үзсэн: 2531 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй