Шууд Chart

Орой яаж харих вэ?

2015-05-25 13:26:01

Ажлын шинэ долоо хоногийн эхний өдөр. Ажилдаа яарсан хүмүүс автобусны буудлаар дүүрэн. Гэтэл нэг л хачин эл хуль.  Хүнээ булаацалдан, дрифт хийх  шахам хурдалж, формулад өрсөлдөж буй аятай хурд мэдэн уралддаг байсан хэдэн ЦЭНХЭР АВТОБУС маань үгүйлэгдэв. Хөл дүүжлэх унаагүй нийслэлчүүд АВТОБУСНЫ ЗОГСООЛ сахин, халуун нар, сэрүүн салхины өмнө таагүйхэн зогсцгооно. Авдаг хэдтэй нь ярихдаа хатуухан захирлаа бодон, ажлаасаа хоцрох болсондоо сэтгэл гундуухан.

Ар гэрт нь амаа ангайн хоол нэхэх үр хүүхэд нь тэдний хувьд эрхэм тулдаа хүмүүс ийнхүү тэсэн АВТОБУС ирэхийг хүлээн тэвчээртэй зогсоно. Аавынхаа хүзүүнээс зүүгдэн тэврүүлэх бяцхан хүү "Аав аа... Явъя л даа" хэмээн уйлагнана. Хөгшин буурай охиныхоо хүүхдийг очиж харна хэмээн амласандаа битүүхэн яарч АВТОБУС ирэхийг хүлээнэ. Хотын түгжрээ илт багасчээ.  АВТОБУС байхгүй, ирэхгүй байгаад явган нь ундууцаж, хөсөгтэй нь гайхширна.

Нийтийн тээврийг үл хэрэглэгчид үүнийг үл анзаарах тул ааш омгоороо бие биенээ хэмлэн, тансаг машинуудаараа замын уртыг хурд мэдэн туулна. Нийслэлийн шинэ өглөөний  дүр төрх ийн бууж байна. Автобусгүй хот, явган нийслэл болсон УЛААНБААТАР минь ийнхүү нэгэн шинэ долоо хоногийг угтав. Ерөнхийлөгчийн, Засгийн газрын, байгалийн, байгууллагын, банкны гэх олон сюрпризэд дарагдсан нийслэлчүүд энэ өглөөг "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн АЖИЛ ХАЯЛТ гэсэн нэгэн шинэ сюрпризтэйгээр угтаж буй нь энэ.

Махны үнэ өсөж, магтаал сонсохоосоо илүүтэйгээр "Ажиллаж чадахгүй бол гараарай... Хийе гэсэн хүмүүс байгаа шүү" гэсэн сүрдүүлгээр өдөр хоногийг аргацааж байгаа эгэл борчууд бухимдалтайгаар ажилдаа яарна. Төр нь чалчаа, түшмэдүүд нь шунахай, иргэд нь зутруу МОНГОЛ минь яалтай. Хэдэн жолооч нарт амьдрал эрхэм, орлого чухал, ард олонд дулаан соёлтой үйлчилгээтэй НИЙТИЙН ТЭЭВЭР хэрэгтэй.

Хотын тамгатай дарга, холдоо гүйдэлтэй "Зорчигч тээврийн нэгтгэл"-ийн жолооч, кондукторууд минь учир зүйгээ хурдан олж, түмэн олноо битгий чирэгдүүлээсэй. Автобусныхаа дугуйн дор ивж хэвтэн байж, авдаг хэдэн жаахан төгрөгөө чамлан байж тэмцэх учрыг нь сайн ойлгож байгаа ч, ард иргэд чинь үүнд буруугүйг, амьдрал хаана хаанаа хүнд байгааг мэдэрч, ЗӨВ ГАРЦ-ыг сонгоосой л гэж хүсэх юм. 90 саяын автобусаараа л "гангарч" амьдардаг нийслэлчүүдээ явгалахгүйгээр зохицоосой доо...

Өглөө яаж ийгээд ажилдаа ирлээ. Харин орой...

Нийтэлсэн: М.Тодбэх

Орой яаж харих вэ?   
Үзсэн: 8943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-05-26 07:21
Энэ үнэхээр дэндэж байна. Дутуу мөнгөнд тасалбар өгөхгүй, бас хагас өдрөөр ээлжинд ажилладаг төрийн өмчит нийтийн тээврийн компаниуд мөнгө олохгүй байгаа хэрэг үү. Жолооч, кондукторууд л тэгтэлээ их хямраад байгаа юм уу. Ард олон нийтээрээ шахам л хүнд байдалд байнашд... Энэ автобус компаниудыг хувьчилж авах санаатай байсан ч бүтээгүй хэдэн луйварчдын хийж байгаа ажил байх.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2015-05-25 14:29
бүгдээрээ хувийн унаатай болчих ард түмээн
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2015-05-25 14:03
орой бас яаж ийгээд л харихгүй юу?? Ижилхэн ард түмэн ажил хийж амьдарч байна. Цалингаа өсгөх болохоороо л нөгөө л хэдэн ядарсан ард түмнээ чангалах гээд яах вэ?? нийтийн тээврийнхээн??? бензиний үнэ өслөө гээд л автобусныхаа үнийг нэмдэг, одоо бас цалингаа нэмэх гээд биднийгээ шахаж яахнав дээ.Ядаж байхад автобусныхаа үйлчилгээ чанарыг сайжруулж, кондукторуудынхаа аашийг засдаг болоосой доо

Бидэнтэй нэгдээрэй