Шууд Chart

УИХ-ын дарга Монголын ууган их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

2013-09-02 13:58:57

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.02/ МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож,  эрдэмтэн профессор, багш, оюутан залууст хандан үг хэллээ. Тэрээр Монгол Улсын их сургууль нь манай орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тэргүүлэн манлайлж, дэлхийн 200 гаруй их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, улс эх орондоо 60 гаруй мянган дээд боловсролтой мэргэжилтнийг бэлтгэсэн Монгол Улсын үндэсний ууган их сургуулийн нэг гэдгийг хэлээд тус их сургууль өнгөрсөн хугацаанд үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхийн хамт дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийн олон салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг үндэсний хэмжээнд болон олон улсад хөгжүүлэн бэхжүүлж байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн нийгэм, эдийн засаг, улс төр, үндэсний мэдлэгийн тогтолцоог өөрчлөн шинэчилж, зөв чиглүүлэн хөгжүүлэхэд тус сургуулийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, төгсөгчид, оюутан залуус  чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэлэв.

МУИС энэ хичээлийн жилд 3850 шинэ оюутан хүлээн авч байгаа бөгөөд 71 дэх удаагаа хичээлийн шинэ жилийн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Хичээлийн шинэ жилийн үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал А.Галтбаяр  үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, “Юуны өмнө бид нийгэм, хувь хүний хөгжлийн шаардлагыг хангасан, оюутны сонирхол, сонголтод суурилсан сургалт явуулах ёстой. Тэгж чадвал нийгмийн шаардлагыг хангасан чанартай төгсөгч, боловсон хүчин бэлтгэж чадна. Чанартай сургалт бидний нэг тулгуур гэвэл нөгөө тулгуур нь шинэ мэдлэг технологи бий болгох үйл ажиллагаа юм” гэлээ. Түүнчлэн энэ хичээлийн жилд хөтөлбөр, сургалт, мэдээлэл, технологийн орчинг шинэчлэх, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох, судалгаанд суурилсан төгсөлтийн дараах сургууль байгуулах, гадаад, дотоодын зах зээлээс судалгааны төслүүдийг босгох зэрэг зорилтуудыг дэвшүүлэн ажиллахаар төлөвлөж байгаагаа дуулгалаа.

Улсын чанартай олимпиадад амжилттай оролцож эхний байрууд эзэлсэн 33 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг энэ үеэр гардуулан өглөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


УИХ-ын дарга Монголын ууган их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо   
Үзсэн: 2652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй